Home / Төрөөс Хүнс Хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого

 

ТӨРӨӨС ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах чухал үүрэгтэй эдийн засаг, нийгмийн хөгжлийн суурь салбарын нэг мөн.

1.2.Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжил нь үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэн өрсөлдөх чадварыг сайжруулахад чиглэгдэнэ.

1.3.Хүнс, хөдөө аж ахуйн салбарыг оновчтой зохицуулалтаар төрөөс дэмжихдээ дараах зарчмыг баримтална:

1.3.1.хүн амыг шим тэжээллэг, аюулгүй хүнсээр жигд хүртээмжтэй хангасан байх;

1.3.2.хүний нөөцийг тасралтгүй чадавхжуулсан байх;

1.3.3.үйлдвэрлэл нь судалгаа ба хөгжилд тулгуурласан байх;

1.3.4.хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжиж, хамгаалсан байх;

1.3.5.үйлдвэрлэлийг үнэ цэнийн сүлжээгээр хөгжүүлж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлсэн байх;

1.3.6.эрсдлийг бууруулахад чиглэгдсэн байх.

1.4.Төрөөс хүнс, хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд дараах чиглэлийг баримтална:

1.4.1.уламжлалт өв соёлыг хадгалсан, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон бэлчээрийн мал аж ахуйг зонхилон эрхэлж, хүн ам олноор суурьшсан хот, суурин газрын орчмын болон тариалангийн бүс нутагт ашиг шимийн чиглэлээр төрөлжсөн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх;

1.4.2.уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон дэвшилтэт технологид суурилсан тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, тогтвортой хөгжүүлэх;

1.4.3.мал аж ахуй, газар тариалангийн гаралтай түүхий эд, байгалийн баялгийг уламжлалт болон дэвшилтэт технологиор боловсруулж, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангасан шим тэжээллэг, баталгаатай хүнсээр хүн амыг тогтвортой хангах;

1.4.4.хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг шинжлэх ухааны үндэслэлтэй, мэдлэгт суурилсан тогтвортой хөгжлийн чиг баримжаатай хөгжүүлэх, инновацийг нэвтрүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх;

1.4.5.салбарын хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах, үйлдвэрлэл эрхлэх менежментийг сайжруулах, тэдгээрийн тогтвор суурьшилтай ажиллаж, амьдрах ая тухтай нөхцөлийг бүрдүүлэх.

Хоёр. Мал аж ахуйн үйлдвэрлэл, түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлт

2.1.Мал аж ахуйн үйлдвэрлэл, түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн хүрээнд дараах зорилтыг хэрэгжүүлнэ:

2.1.1.мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх, эдийн засгийн эргэлтийг сайжруулах, үхэр, хонины аж ахуйг махны чиглэлээр эрчимтэй хөгжүүлж, махны экспортын нөөцийг нэмэгдүүлэх;

2.1.2.мал аж ахуйн салбарын хөгжил дэх төрийн зохицуулалт, дэмжлэгийн чиглэл, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн үүрэг, хариуцлагын оновчтой тогтолцоог бий болгох;

2.1.3.малын генетик нөөцийн бүртгэл, төлөв байдлын үнэлгээ, ашиглалт, хамгаалалтын тогтолцоог боловсронгуй болгох, мал аж ахуй эрхлэх уламжлалт хэв маяг, мэдлэгийг хадгалах, баяжуулах;

2.1.4.малын тоо, төрөл, сүргийн бүтцийн зохист харьцааг баримтлах, мал аж ахуйн үйлдвэрлэлийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, эрсдэл даах чадавхыг бэхжүүлэх;

2.1.5.мал, амьтны үржил селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн явуулж, бүс нутгийн онцлогт тохирсон шинэ үүлдэр, омгийг бий болгон, генийн санг хамгаалах болон малын нөхөн үржүүлгийг сайжруулахад био технологийн ололтыг ашиглах, малын үржүүлэг, технологийн орон нутгийн нэгжүүдийг чадавхжуулах;

2.1.6.мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг хяналтад авах, эрүүлжүүлэх стратегийг бүсчлэн хэрэгжүүлэх, халдварт өвчний тохиолдлыг эрт илрүүлэх, шуурхай хариу арга хэмжээ авах чадавхыг сайжруулах, халдварт өвчингүй тайван байдлыг тодорхой бүс нутгаар баталгаажуулах;

2.1.7.олон улсын жишиг, шаардлагад нийцсэн мал эмнэлгийн албаны үйл ажиллагааны шуурхай, нэгдмэл байдлыг хангасан тогтолцоог сумын түвшин хүртэлх бүх шатанд бүрдүүлэх, орон нутгийн мал эмнэлгийг чадавхжуулж, мал бүхий иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хариуцлагыг өндөржүүлэх;

2.1.8.мал эмнэлгийн үйлчилгээнд зах зээлийн эрэлт, шаардлагад нийцсэн дэвшилтэт хэлбэрийг нэвтрүүлэх;

2.1.9.эрчимжсэн аж ахуй эрхлэгчдэд эзэмшүүлснээс бусад бэлчээрийг төрийн эрх бүхий байгууллагын хяналт, зохицуулалттайгаар ашиглуулах, эрчимжсэн мал аж ахуйд тэжээл тариалах зориулалтаар тариалангийн газрыг ашиглуулах;

2.1.10.бэлчээр болон байгалийн бусад нөөцийн зохистой ашиглалт, бэлчээрийн газар зохион байгуулалт, төлөвлөлт, удирдлагын тогтолцоог сайжруулах, отрын бүс нутаг, нөөц бэлчээрийг нэмэгдүүлэх;

2.1.11.бэлчээрийн даац, төлөв байдлын үнэлгээнд тулгуурлан малын тоо, төрөл, сүргийн бүтцийг тохируулах эдийн засгийн хөшүүрэг бий болгох, бэлчээрийг оновчтой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх;

2.1.12.бэлчээрийн ургамалд хөнөөл учруулж байгаа мэрэгч амьтан, шавжтай тэмцэх арга хэмжээг байгаль орчинд халгүй, дэвшилтэт арга технологи ашиглан өргөжүүлэх;

2.1.13.бэлчээрийн усан хангамжийг сайжруулах, цас борооны ус тогтоох, усан сан, нуур, хөв, цөөрөм байгуулах, сэргээгдэх эрчим хүч ашиглах малчид, иргэдийн үүсгэл санаачилгыг дэмжих;

2.1.14.малын тэжээл, био бордоо, сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, тэдгээрт дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, нутагшуулах;

2.1.15.мал аж ахуйн үйлдвэрлэлийн нөөцөд түшиглэсэн боловсруулах үйлдвэр, цехийг бүсчилж хөгжүүлэх;

2.1.16.малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтэд төрөөс үзүүлэх дэмжлэгийг түүний чанар, аюулгүй байдалтай уялдуулах;

2.1.17.мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн бага ашиглалттай байгаа нөөцийн (дотор мах, дайвар бүтээгдэхүүн, хонь, ямаа, ингэний сүү гэх мэт) боловсруулалтыг нэмэгдүүлэх.

Гурав. Тариалангийн үйлдвэрлэл, түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлт

3.1.Тариалангийн үйлдвэрлэл, түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн хүрээнд дараах зорилтыг хэрэгжүүлнэ:

3.1.1.тариалангийн газрыг эдийн засгийн эргэлтэд бүрэн оруулж, үр ашигтай ашиглах, бүртгэл, хяналтыг сайжруулах, тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжсэн мал аж ахуйтай хослон хөгжүүлж, тэдгээрийг эрхлэх бүс нутгийг тогтоох;

3.1.2.төвийн бүсэд тариалангийн газрын боломжит орон зайн ашиглалтыг сайжруулах, баруун, зүүн бүсэд атаршсан газрыг эргэлтэд оруулах;

3.1.3.хөрс боловсруулах тэг элдэншүүлгийн технологийг үйлдвэрлэлд үе шаттайгаар бүрэн нэвтрүүлэх болон тариалангийн газрын хөрсийг салхи, усны элэгдэл, эвдрэлээс хамгаалах нөхцөлийг бүрдүүлэх;

3.1.4.таримлын сэлгээний ээлжийн тоог нэмэгдүүлж, цулгуй уриншийн хэмжээг бууруулах, эрчимжсэн мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн түүхий эдийн хангамж, гадаад зах зээлийн хэрэгцээнд тулгуурлан таримлын зохистой сэлгээг мөрдөж, сэлгээнд тариалсан ашигт таримлыг зах зээлд нийлүүлэхийг дэмжих;

3.1.5.эдийн засгийн үр ашигтай, хөрсний үржил шимд ээлтэй таримал, сортыг нутагшуулах, бүс нутгийн хөрс, цаг уурын онцлогт тохирсон ирээдүйтэй, баталгаажсан таримлын үрийн хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлийн үрээр хангах, үр, сортын тариалан, үрийн аж ахуйн тогтолцоог сэргээн хөгжүүлэх;

3.1.6.хөрсний бүтэц, үржил шимд сөрөг нөлөөгүй дэвшилтэт технологид суурилсан машин, тракторыг сонгож парк бүрдүүлэх, газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлд нэвтрүүлэх, техникийн засвар үйлчилгээний тогтвортой сүлжээ байгуулах, зарим машин, багаж, эд ангийг дотооддоо үйлдвэрлэх, угсрах үйл ажиллагааг дэмжих;

3.1.7.усны хайгуул, судалгаанд тулгуурлан гадаргын болон бороо, цасны усыг хуримтлуулах, услалтын системийн ашиглалтыг сайжруулах, усалгаатай тариалангийн талбайн хэмжээг нэмэгдүүлэх;

3.1.8.төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний тариалалтад ус, эрчим хүчний зарцуулалт багатай, байгаль орчинд халгүй дуслын болон хөрсөн доороос нэвчүүлэх усалгааны дэвшилтэт технологийг нэвтрүүлэх;

3.1.9.ургамлын өвчин, хортон шавж, хог ургамал, мэрэгч амьтны тархалт, хор хөнөөлийн судалгаанд тулгуурлан химийн гаралтай бордоо, ургамал хамгааллын бэлдмэлийн цогц арга хэмжээг хэрэгжүүлэх, түүнд тавих хяналтыг төлөвшүүлэх;

3.1.10.жимс, жимсгэний тариалалт, нэр төрлийг нэмэгдүүлэх;

3.1.11.үр тариа, буурцагт болон бусад таримлын төрөл, сортыг нэмэгдүүлэх, буудай, төмс, хүнсний ногоо, тосны ургамлын үйлдвэрлэлээр дотоодын хэрэгцээг бүрэн хангах, улмаар экспортын чиг баримжаатайгаар хөгжүүлэх;

3.1.12.эрчимжсэн мал аж ахуйг бүх төрлийн тэжээлээр хангах, уургийн өндөр агууламжтай таримлыг нутагшуулах, сортын үрийн нөөц бүрдүүлэх;

3.1.13.өвөл, зуны хүлэмжийн болон зоорийн аж ахуйг хөгжүүлэн хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлж, хот, суурингийн хүн амыг жилийн турш шинэ ургацын ногоогоор тогтвортой хангах.

Дөрөв. Хүнсний аюулгүй байдал, боловсруулах үйлдвэрлэл

4.1.Хүнсний аюулгүй байдал, боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүрээнд дараах зорилтыг хэрэгжүүлнэ:

4.1.1.Монгол Улсын хүнсний хангамжийн шалгуур үзүүлэлтийг тогтоох, төлөв байдлыг үнэлэх, хүрэх түвшинг тодорхойлох;

4.1.2.эрүүл, аюулгүй, тэжээллэг хүнсээр хүн амыг жигд хүртээмжтэй хангах, хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн улирлын хамаарлыг бууруулах, импорт орлох хүнсний үйлдвэрлэлийг дэмжих;

4.1.3.стратегийн хүнсний улирлын нөөцийг эрэлт, нийлүүлэлт, хэрэглээний онцлогтой уялдуулан хувийн хэвшлийн оролцоотойгоор бүрдүүлэх;

4.1.4.үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан мах, сүүн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх;

4.1.5.мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хүлээн авах, анхан шатны болон хагас боловсруулалт хийх нөхцөлийг бүрдүүлэх, хадгалалт, тээвэрлэлт, боловсруулалт, борлуулалтын сүлжээг хөгжүүлэх;

4.1.6.хүнсний сүлжээний бүх үе шатанд бүртгэл, чанарын удирдлага, хяналт, баталгаажуулалтын тогтолцоог төлөвшүүлж хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах ажлыг эрчимжүүлэх;

4.1.7.хүнсний сүлжээний бүх үе шатанд хадгалалт, тээвэрлэлтийн стандарт, шаардлага хангасан ложистик сүлжээг хөгжүүлэх;

4.1.8.мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний тээвэрлэлт, шилжилт, хөдөлгөөнийг хянах бүртгэл, мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх, мал эмнэлгийн болон ургамлын хорио цээрийн хяналтын үйл ажиллагааг сайжруулах;

4.1.9.малын эм, бордоо, ургамал хамгааллын бэлдмэл, мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн дэх үлдэгдэл бодис, тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг тодорхойлох чадавх, хяналтыг сайжруулах;

4.1.10.хүний эрүүл мэндэд хор хөнөөлгүй, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн, байгаль орчинд ээлтэй, зориулалтын хүнсний сав, баглаа боодол, хаяг шошгыг хүнсний сүлжээний бүх үе шатанд хэрэглэх, дэвшилтэт технологийг нутагшуулах, үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг дэмжих;

4.1.11.хүнсээр дамжуулан хүний эрүүл мэндэд хохирол учруулж байгаа зөрчилд хүлээлгэх хариуцлагыг өндөржүүлэх, зөрчилтэй эвлэрсэн ойлголт, хандлагыг өөрчлөх, тавигдах шаардлагыг өндөрсгөх, нутгийн захиргааны байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааны үр дүнтэй арга хэлбэрийг хэвшүүлэх;

4.1.12.хүнсний аюулгүй байдал алдагдах, нийтийг хамарсан хордлого, халдварын тохиолдол, онцгой нөхцөл байдал, хямрал үүсэхээс урьдчилан сэргийлэх, үүссэн үед хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах, салбар дундын зохицуулалтыг идэвхжүүлэх, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бүтээгдэхүүний үйлдвэрлэл, импортыг хязгаарлах, хэрэглээнд нөлөөлөх, дэлхий нийтээр хэрэглээнээс хасаж байгаа өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээ, импорт, худалдааг хориглох;

4.1.13.шим тэжээллэг болон органик хүнсний нэр төрлийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, судалгааны дүнд суурилан зохицуулах үйлчилгээтэй хүнсийг үйлдвэрлэлд турших, нэвтрүүлэх;

4.1.14.нийтийн хоол үйлдвэрлэлийн хоолны шим тэжээл, чанар, түүнд тавих хяналтыг сайжруулах, нийтийн хоолны үйлдвэрлэлд зэрэглэл тогтоох;

4.1.15.нийтээр нь үйлчлэх (сургууль, цэцэрлэг, эмнэлэг, цэргийн анги, хорих газар болон тэдгээртэй адилтгах бусад) хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, шим тэжээлийн агууламжийг дээшлүүлэх, нэгдсэн жор, технологийг боловсруулах, мөрдүүлэх, тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийх, дотоод хяналтыг сайжруулах;

4.1.16.нийтээр нь үйлчлэх хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд түүхий эд бэлтгэн нийлүүлэлт, хагас боловсруулсан бүтээгдэхүүний үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн хүнсний хангамжийн ложистикийг бий болгох, зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэх;

4.1.17.мал аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэрлэл, экспорт, импорт, хүн амын хүнсний хэрэглээний нэгдсэн мэдээллийн сан, сүлжээ бий болгох, хүнсний аюулгүй байдлын статистикийн үзүүлэлттэй холбох;

4.1.18.хүн амын хоол, хүнсний талаарх мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, хоол, хүнсээ сонгох, хэрэглэх, хадгалах хандлагыг өөрчлөх, хяналт тавих дадал төлөвшүүлэх, өрхийн хүнсний хэрэгцээгээ хангах, сайжруулах оролцоог нэмэгдүүлэх.

Тав. Судалгаа ба хөгжил

5.1.Хүнс, хөдөө аж ахуйн салбарын судалгаа ба хөгжлийн талаар дараах зорилтыг хэрэгжүүлнэ:

5.1.1.салбарын судалгаа ба хөгжлийн тогтолцоог шинэчлэн бүрдүүлэх, шинжлэх ухаан, технологийн үр дүн, инновацийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд оролцогч талуудын уялдааг сайжруулах;

5.1.2.нээлттэй лабораторид суурилсан био, нано технологийг хөгжүүлж оюуны багтаамж өндөртэй, экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх;

5.1.3.шинжлэх ухаанд суурилсан ногоон үйлдвэрлэл, бизнес, хөдөө аж ахуйн аялал жуулчлалыг дэмжин хөгжүүлэх;

5.1.4.шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн технологийн инкубатор, загвар аж ахуй байгуулахад дэмжлэг үзүүлэх;

5.1.5.салбарын их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын судалгааны материаллаг орчныг бэхжүүлэхэд олон улсын байгууллага, хандивлагч орны зээл тусламжийн хөрөнгийг нэмэгдүүлэх;

5.1.6.олон улсын жишигт хүрсэн түвшний судалгааны нарийвчилсан арга, технологийг эзэмшсэн хүний нөөцийг нэмэгдүүлэх, салбарын чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхийг дэмжих.

Зургаа. Хөрөнгө оруулалт, худалдаа

6.1.Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, үр ашигтай зарцуулах, худалдааг хөнгөвчлөх хүрээнд дараах зорилтыг хэрэгжүүлнэ:

6.1.1.улсын төсвөөс хүнс, хөдөө аж ахуйн салбарт зарцуулах хөрөнгийг улсын төсвийн 3-4 хувьд хүргэх;

6.1.2.орон нутгийн төсвөөс хүнс, хөдөө аж ахуйн салбарт зарцуулах хөрөнгийг хоёр дахин нэмэгдүүлэх;

6.1.3.үнэ цэнийн сүлжээний санхүүжилтийн цогц бүтцийг бий болгож, шаардлагатай шатанд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх;

6.1.4.хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлэх, үнэ цэнийн сүлжээг тэргүүлэгч аж ахуйн нэгжээр дамжуулан хөгжүүлэх;

6.1.5.эрсдлийг бууруулах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг тогтворжуулахад даатгал, давхар даатгалын тогтолцоог цогц байдлаар нэвтрүүлэх;

6.1.6.дэвшилтэт технологи нэвтрүүлэх, нутагшуулах, салбарын судалгаа ба хөгжлийн хөрөнгө оруулалтыг дэмжих;

6.1.7.хүнс, хөдөө аж ахуйн салбарт санхүүгийн түрээсийн үйлчилгээг нэвтрүүлэх, төлөвшүүлэх;

6.1.8.хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөрөнгө оруулалтыг бүс нутаг, ач холбогдол, чанар, бусад хүчин зүйлд суурилан эрэмбэлэн дэмжих;

6.1.9.уул уурхайн татварын орлого, нөөц ашигласны болон тусгай зөвшөөрлийн төлбөрөөс хүнс, хөдөө аж ахуйн салбарын судалгаа хөгжлийн сан бүрдүүлж, зарцуулах;

6.1.10.дотоодын боловсруулах үйлдвэрлэлийг түүхий эдээр хангах үйл ажиллагааг дэмжих.

6.2.Хүнс, хөдөө аж ахуйн салбарын дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах, гадаад худалдааг хөнгөвчлөх:

6.2.1.дотоодын үйлдвэрлэлийг төрийн дэмжлэг, тарифын болон тарифын бус зохицуулалтаар хамгаалах;

6.2.2.хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний гадаад зах зээлийг тэлэх, экспортыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг татах;

6.2.3.бүс нутгийн болон олон улсын байгууллагад гишүүнээр элсэх;

6.2.4.хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспортыг нэг цонхны бодлогоор явуулах;

6.2.5.хөдөө аж ахуйн чөлөөт бүсийг байгуулан гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, алслагдсан бүс нутагт экспортын баримжаатай үйлдвэрлэлийг дэмжих;

6.2.6.мал, амьтан, таримал ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний стандартыг шинэчлэх, нутагшуулах, тэдгээрийг хөдөө аж ахуйн биржээр арилжаалах тогтолцоонд шилжүүлэх;

6.2.7.хөдөө аж ахуйн гаралтай газар зүйн заалттай, органик, брэнд бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэмжих;

6.2.8.гадаад оронтой байгуулсан мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн хэлэлцээрийн нөхцөлийг сайжруулах, шинэчлэх, шинээр байгуулах.

Долоо. Хүний нөөц

7.1.Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хүний нөөцийг чадавхжуулах хүрээнд дараах зорилтыг хэрэгжүүлнэ:

7.1.1.ажиллагсдын ахуй амьдралаа сайжруулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд хамрагдах, үйлдвэрлэлээ өргөтгөх, хорших санаачилгыг дэмжих, таатай нөхцөлийг бүрдүүлэх;

7.1.2.малчин, мал зүйч, зохиомол хээлтүүлгийн техникч, малын эмчийн хөдөлмөрийг хүнд, хортой нөхцөлд хамааруулах, гэрээт ажилчид, малчдын нийгмийн хамгааллын баталгааг ажил олгогчоор хангуулах;

7.1.3.малчин, мал бүхий этгээдийн өмч хөрөнгийг сайн дурын болон албан журмын даатгалд даатгуулах хүрээг нэмэгдүүлж болзошгүй эрсдлээс хамгаалах;

7.1.4.малчид, тариаланчдын ая тухтай амьдрах, тогтвортой ажиллах нөхцөлийг сайжруулах, малчин эмэгтэйчүүд, залуу малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, малчид, тариаланчдын залгамж халааг бэлтгэх;

7.1.5.агрономич, механикжуулагч, инженер техникийн ажилтныг тариалангийн аж ахуйн эрэлт, хэрэгцээнд тулгуурлан бэлтгэх, сургалтын орчныг сайжруулах, сургалтын агуулгыг олон улсын жишигт нийцүүлэх, үйлдвэрлэлийн дадлагыг сургалттай хослуулахад чиглүүлэх;

7.1.6.салбарын мэргэжилтэн, инженер техникийн болон бусад мэргэжилтэй ажилтны төгсөлтийн дараах болон мэргэжил дээшлүүлэх сургалтыг явуулах зайн сургалтын тогтолцоог хөгжүүлэх, мэргэжлийн ур чадварыг тодорхойлох, мэргэшлийн зэрэг олгох;

7.1.7.малчид, тариаланчдад үйлдвэрлэл, технологи, бизнес, байгаль, цаг уурын өөрчлөлтийн талаар зохистой мэдлэг олгох сургалтыг тусгай хөтөлбөрийн дагуу мэдээллийн болон бусад хэрэгслийг ашиглан тасралтгүй явуулах;

7.1.8.нүүдлийн соёл, иргэншил, уламжлалд суурилсан аялал, жуулчлалыг малчдын ахуй амьдралд түшиглэн хөгжүүлэх.

Найм. Хүрэх үр дүн

Д/д Шалгуур үзүүлэлт 2014 суурь он 2020 он 2025 он
1 Хөдөө аж ахуйн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүний 5 жилийн дундаж өсөлт (хувиар) 12 15 20
2 Нийт төсөвт хөдөө аж ахуйн салбарын эзлэх хувь 2 3 4
3 Нийт сүрэгт үхрийн эзлэх хувь 6.7 8 10
4 Үйлдвэрийн аргаар бэлтгэсэн мах /мянган тонн/ 16.8 100 200
5 Нийт сүү үйлдвэрлэлд үйлдвэрийн аргаар боловсруулсан сүүний эзлэх хувь 9 30 50
6 Эргэлтийн талбай /мянган га/ 769 960 1050
7 Буудайн га-гийн ургац /центнер/ 16.9 17.3 20
8 Хүнсний ногооны хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах түвшин (хувиар) 54 70 100
9 Тэжээл үйлдвэрлэлд бүрэн найрлагат тэжээлийн эзлэх хувь 0.7 5 10

— о0о —