Өмнөговь аймагт газар тариаланг хөгжүүлэх, эрүүл шимт хөрсөнд тариалсан хүнсний ногоогоор хэрэглэгчдийг хангах зорилтот ажлуудыг шат дараатай хэрэгжүүлж байгаа юм. Өвөл зуны хүлэмжийн тариалалтыг хийхээс гадна сумдад газар тариаланг хөгжүүлэх судалгаа шинжилгээ туршилтын ажлыг Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран хэрэгжүүлж байна. Газар тариалангийн салбарт шаардлагатай мэргэжлийн боловсон хүчнийг бодлогоор дэмжиж сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамруулахаас гадна дадлагажиж, чадваржих боломжийг олгож байна. Улмаар хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, Даланзадгад хотноо орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар ХҮЛЭМЖ ЦОГЦОЛБОРЫН СУРГАЛТЫН ТӨВ байгуулж өнөөдөр албан ёсоор ашиглалтад оруулж байна.
Хүлэмж цогцолборын сургалтын төвд 21 аймгийн агрономч, газар тариалан эрхлэгчдийн ГОВИЙН БҮСЭД ТАРИМЛЫН АЖ АХУЙГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ 2 өдрийн талбайн үзүүлэх сургалт эхэллээ. Холбогдох яамд, албаныхан оролцож байгаа бөгөөд Өмнөговь аймгийн газар тариалангийн өнөөгийн нөхцөл байдал, хүнсний ногооны үр үйлдвэрлэл, борлуулалт, говийн бүсэд Агро ойн парк хөгжүүлэх боломж, говийн бүс дэх хүнсний ногооны сорт сорилт, үр үржүүлгийн судалгааны үр дүн зэрэг сэдвүүдээр сургалт үргэлжилнэ