Засгийн газрын 2019 оны 418 дугаар
тогтоолын хавсралт
АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ
ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Нэг. Ерөнхий мэдээлэл
Ахуйн үйлчилгээ нь иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чухал үүрэгтэй болохын зэрэгцээ хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэх өргөн боломжийг бүрдүүлдэг. Монгол Улсад ахуйн үйлчилгээ төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооны үеэс томоохон салбар болон эрчимтэй хөгжиж ирсэн түүхтэй.
Монгол Улсад 2018 оны байдлаар ахуйн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 9019 аж ахуйн нэгж, иргэн бүртгэлтэй байна. Эдгээрийн 8.2 хувь нь нийтийн халуун ус, 25.2 хувь нь үсчин, гоо сайхан, 20.2 хувь нь хувцас захиалга, засвар, 7.1 хувь нь гэрэл зураг авах, угаах, 1.5 хувь нь хими цэвэрлэгээ, угаалга, 3.0 хувь нь ахуйн электрон, цахилгаан хэрэгсэл засвар, 9.2 хувь нь гутал захиалга, засвар, 11.6 хувь нь гэр ахуйн модон эдлэл захиалга, засвар, 2.2 хувь нь алт, мөнгө, үнэт эдлэлийн захиалга, засвар, 11.9 хувь нь бусад үйлчилгээний чиглэлээр тус тус үйл ажиллагаа явуулж байна.
Хүснэгт 1. Ахуйн үйлчилгээний салбарын нийт цэгийн тоо
№ |
Үйлчилгээний чиглэл |
Улсын дүн |
21 аймаг |
Нийслэл |
|||
Нийт цэгийн тоо |
Эзлэх хувь |
Yүнээс: |
|||||
ААНБ |
Иргэд |
||||||
1. | Нийтийн халуун ус |
743 |
8.2 |
286 |
457 |
427 |
316 |
2. | Үсчин, гоо сайхан |
2270 |
25.2 |
449 |
1821 |
1104 |
1166 |
3. | Гэрэл зураг авах, угаах үйлчилгээ |
644 |
7.1 |
131 |
513 |
441 |
203 |
4. | Хими цэвэрлэгээ, угаалга |
137 |
1.5 |
83 |
54 |
35 |
102 |
5. | Хувцас засвар, захиалга |
1818 |
20.2 |
304 |
1514 |
1223 |
595 |
6. | Ахуйн электрон, цахилгаан хэрэгсэл засвар |
269 |
3.0 |
36 |
233 |
225 |
44 |
7. | Гутал захиалга, засвар |
833 |
9.2 |
83 |
750 |
631 |
202 |
8. | Гэр ахуйн модон эдлэл захиалга, засвар |
1035 |
11.6 |
170 |
865 |
955 |
80 |
9. | Алт, мөнгө, үнэт эдлэлийн захиалга засвар |
195 |
2.2 |
17 |
178 |
125 |
70 |
10. | Бусад* |
1075 |
11.9 |
453 |
622 |
306 |
769 |
Нийт |
9019 |
100 |
2012 |
7007 |
5472 |
3547 |
Засгийн газрын 2014 оны 279 дүгээр тогтоолоор баталсан “Ахуйн үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд 2014-2016 онд нийт 6,3 тэрбум төгрөгний санхүүжилт олгогджээ. Үүний үр дүнд 21 аймгийн 67 суманд “Ахуйн үйлчилгээний төв” шинээр байгуулж, 66 сумын ахуйн үйлчилгээний төвийн барилгыг засварлан шинэчилж, үйл ажиллагаа эрхлэх тав тухтай орчинг бүрдүүлж, иргэдэд үйлчлэх нэгдсэн төвийг байгуулж, 164 сумын ахуйн үйлчилгээний төвд хийх хөрөнгө оруулалтад зарцуулсан бөгөөд өнөөгийн байдлаар 221 төв үйл ажиллагаагаа тогтмол явуулж байна.
Мөн дээрх хөтөлбөр хэрэгжих хугацаанд 431 удаа мэргэжлийн сургалт, семинар зохион байгуулж, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Сум хөгжүүлэх сан, Зээлийн батлан даалтын сан болон бусад төслийн хүрээнд 2014 онд 2218, 2015 онд 684, 2016 онд 542, нийт 3444 хүний ажлын байрыг шинээр бий болгосон байна.
Гэвч санхүүжилтийн эх үүсвэр хангалтгүй байснаас шалтгаалан 109 сумын ахуйн үйлчилгээний төвийг шинээр барих болон шинэчлэх ажил хийгдээгүй бөгөөд хөтөлбөрт туссан зорилт арга хэмжээ нь хангалттай хэрэгжээгүй байна. Ахуйн үйлчилгээний салбарын өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлох зорилгоор 2018 онд 21 аймаг, нийслэлд хэлэлцүүлэг зохион байгуулж, салбарын хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, иргэд, хэрэглэгч нийт 10657 хүнийг хамруулсан судалгааг хийсэн. Судалгааны дүнгээс үзэхэд “үйлчилгээний байр, талбайн хангамж дутмаг, үйлчилгээний чанарын түвшин харилцан адилгүй, хэрэглэгчдийн эрэлт, хэрэгцээ, шаардлагад нийцэхгүй, стандартчилал хангалтгүй, мэргэжилтэй, дадлага туршлагатай ажиллагсад дутагдалтай, хүний нөөцийг бэлтгэх, мэргэшүүлэх, давтан сургах тогтолцоо бүрдээгүй, ахуйн үйлчилгээг төрийн худалдан авалтаар дэмжих үйл ажиллагаа хязгаарлагдмал, шинжлэх ухаан, технологийн ололт, инновацийг хангалтгүй нэвтрүүлсэн, салбарын статистикийн мэдээлэл дутагдалтай, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын үйл ажиллагаа тогтворжоогүй” зэрэг асуудал тулгамдаж байна.
Иймд Засгийн газрын 2014 оны 279 дүгээр тогтоолоор баталсан ахуй үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа дууссан, ахуйн үйлчилгээг хөгжүүлэхэд учирч байгаа бэрхшээлийг шийдвэрлэх, аж ахуйн нэгж, төрийн бодлогын түвшинд хийгдэх ажлыг тус тус тодорхойлж боломжоо зөв хуваарилан богино хугацаанд шинэчлэх, салбар хоорондын уялдааг нэмэгдүүлэн ажиллах шаардлагын хүрээнд энэхүү хөтөлбөрийг боловсруулав.
Хоёр. Хөтөлбөрийн зорилго
2.1. Иргэдэд чанартай, стандартын шаардлагад нийцсэн ахуйн үйлчилгээг үзүүлэх, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэхэд ахуйн үйлчилгээний салбарын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.
Гурав. Хөтөлбөрийн зорилт
3.1. Хөтөлбөрийн зорилгын хүрээнд дор дурдсан зорилтыг хэрэгжүүлнэ:
3.1.1. салбарын хөгжлийг хангах эрх зүйн орчинг үйлчилгээний чанар, аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох;
3.1.2. бүс, орон нутгийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан ахуйн үйлчилгээний төвийг улс, орон нутгийн төсөв болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулах;
3.1.3. төр, хувийн хэвшлийн түншлэлээр бий болсон ахуйн үйлчилгээний төвийн үйлчилгээ эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх;
3.1.4. салбарын төрийн болон төрийн бус байгууллага, боловсрол, сургалтын байгууллагуудтай хамтран хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах, давтан сургаж мэргэжил дээшлүүлэх тогтолцоог бүрдүүлж, эрүүл ахуйн зохистой дадлыг нэвтрүүлж, ажиллагсдын тогтвортой хөдөлмөр эрхлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх;
3.1.5. ахуйн үйлчилгээний салбарын мэдээллийн сан бүрдүүлэх.
Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа
4.1. Салбарын хөгжлийг хангах эрх зүйн орчинг үйлчилгээний чанар, аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.1.1. ахуйн үйлчилгээний салбарын ангилал, нэр төрлийг олон улсын жишигт нийцүүлэн тодорхойлох;
4.1.2. салбарын хууль, эрх зүйн баримт бичигт дүн шинжилгээ хийж, шинэчлэх замаар салбарын тогтвортой хөгжлийг хангах;
4.1.3. ахуйн үйлчилгээний ангилал тус бүрээр мөрдөгдөх стандартыг олон улсын стандартад нийцүүлэн шинээр болон шинэчлэн боловсруулж, мөрдүүлэх;
4.1.4. ажиллагсдын ур чадварын зэрэглэл тогтоох эрх зүйн үндсийг бий болгох;
4.1.5. ахуйн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийг үе шаттайгаар ангилж, зэрэглэх;
4.1.6. ахуйн үйлчилгээний салбарын эрүүл ахуй, зохистой дадлын аргачлал заавар боловсруулж, үйлчилгээ эрхлэгчдийн ажлын бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх.
4.2. Бүс, орон нутгийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан ахуйн үйлчилгээний төвийг улс, орон нутгийн төсөв болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулах зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.2.1. ахуйн үйлчилгээний зориулалтаар ашиглаж болох нийслэл, орон нутгийн өмчлөлд байгаа барилга байгууламжийг үйлчилгээ эрхлэгчдэд ашиглуулах нөхцөлийг бүрдүүлэх;
4.2.2. аймаг, нийслэлийн хэрэгцээ, шаардлагад үндэслэн ахуйн үйлчилгээний төвийг шинэчлэх болон шинээр бий болгох;
4.2.3. сум, дүүрэг бүрт халуун усны үйлчилгээг бий болгох;
4.2.4. аймаг, нийслэлийн хэмжээнд “Ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийг батлуулан, хэрэгжүүлэх;
4.2.5. төвөөс алслагдсан сум, дүүрэгт явуулын ахуйн үйлчилгээг зохион байгуулах;
4.2.6. байгаль орчин, хүний эрүүл мэндэд аюулгүй бүтээгдэхүүн, ахуйн үйлчилгээний нэр төрлийг бодлогоор дэмжих;
4.2.7. ахуйн үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжийг тохирлын үнэлгээнд үе шаттай хамруулах;
4.2.8. улсын хэмжээнд ахуйн үйлчилгээний “Шилдэг төв” шалгаруулах аяныг зохион байгуулж, ахуйн үйлчилгээний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх.
4.3. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр бий болсон ахуйн үйлчилгээний төвийн үйлчилгээ эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.3.1. ахуйн үйлчилгээ эрхлэгчдийг хөнгөлөлттэй зээл, зээлийн батлан даалтын үйлчилгээнд хамруулах;
4.3.2. тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа ахуйн үйлчилгээ эрхлэгчдийг тоног төхөөрөмжийн түрээсийн үйлчилгээ (лизинг)-нд хамруулах;
4.3.3. бүтээмж нэмэгдүүлэх, инноваци, байгаль орчинд ээлтэй технологийг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх;
4.3.4. ахуйн үйлчилгээний чиглэлээр дэлхийн хэмжээний өндөр зэрэглэлийн уралдаан, тэмцээнд амжилттай оролцсон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад дэмжлэг үзүүлэх;
4.3.5. үйлчилгээний салбарын олон улсын туршлага судлахад дэмжлэг үзүүлэх;
4.3.6. ахуйн үйлчилгээний чиглэлээр бизнес эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжийг ажлын байраар хангахад дэмжлэг үзүүлэх.
4.4. Салбарын төрийн болон төрийн бус байгууллага, боловсрол, сургалтын байгууллагуудтай хамтран хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах, давтан сургаж мэргэжил дээшлүүлэх тогтолцоог бүрдүүлж, эрүүл ахуйн зохистой дадлыг нэвтрүүлж, ажиллагсдын тогтвортой хөдөлмөр эрхлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.4.1. ахуйн үйлчилгээний мэргэжилтэй ажилтны чадамжийн үнэлгээ тогтоох, баталгаажуулалтын мэргэшсэн үнэлгээчдийг бэлтгэх;
4.4.2. ахуйн үйлчилгээ эрхлэгчдийг бизнес, менежментийн зөвлөх үйлчилгээ, сургалтад хамруулах;
4.4.3. ахуйн үйлчилгээний ажилтны мэргэжил, ур чадвар олгох ажлыг үе шаттай зохион байгуулах;
4.4.4. ахуйн үйлчилгээний зохистой дадал, ёс зүй, ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах;
4.4.5. салбарын хэмжээнд ажиллаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд сурталчлах, борлуулах цэг бий болгоход төрөөс дэмжлэг үзүүлэх;
4.4.6. өнчин болон хөгжлийн бэрхшээлтэй хөдөлмөрийн насны залуусыг ахуйн үйлчилгээний салбарт ажиллах боломжийг дэмжих;
4.4.7. салбарын хэмжээнд туршлага солилцох, ажил, мэргэжлийн уралдаан, тэмцээнийг төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулах;
4.4.8. ахуйн үйлчилгээ эрхлэгчдийг мэдээллээр хангах, мэргэжлийн зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлэх;
4.4.9. албан бус хөдөлмөр эрхлэгчдийг бүртгэж, төр, иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоодын оролцоотойгоор нийгмийн үйлчилгээнд хамрагдах боломжийг нэмэгдүүлэх.
4.5. Ахуйн үйлчилгээний салбарын мэдээллийн сан бүрдүүлэх зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.5.1. ахуйн үйлчилгээний салбарын статистик мэдээлэл цуглуулах, боловсруулах тогтолцоог бүрдүүлж, үндэсний статистикийн бүрэлдэхүүнд ахуйн үйлчилгээний салбарын бүлэг үзүүлэлтийг оруулах асуудлыг судалж, шийдвэрлэх;
4.5.2. улсын хэмжээнд ахуйн үйлчилгээний салбарын мэдээллийн нэгдсэн сан, цахим хуудсыг шинээр бий болгох;
4.5.3. иргэд ухаалаг гар утаснаасаа ахуйн үйлчилгээний талаарх мэдээлэл авах аппликейшн бий болгож, хөгжүүлэх.
Тав. Хөтөлбөрийн үр дүн
5.1. Салбарын эрх зүйн орчин сайжирч, ахуйн үйлчилгээний төвүүд шинээр бий болсноор иргэдэд үзүүлэх ахуйн үйлчилгээний чанар, хүртээмж дээшилсэн байна.
5.2. Ахуйн үйлчилгээний төвийн үйлчилгээ эрхлэгчдэд төрөөс тодорхой дэмжлэг үзүүлснээр үйлчилгээний чанар сайжирч, ажлын байр шинээр бий болно.
5.3. Салбарын хэмжээнд мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулж, эрүүл ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэн ажиллагсдын тогтвортой хөдөлмөр эрхлэх нөхцөл боломжийг бүрдүүлсэн байна.
5.4. Ахуйн үйлчилгээний салбарын нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлснээр салбарын статистик тоон мэдээлэл тодорхой болсон байна.
Зургаа. Хөтөлбөр хэрэгжих хугацаа, шалгуур үзүүлэлт
6.1. Хөтөлбөрийг 2020-2024 онд хэрэгжүүлнэ.
6.2. Хөтөлбөрийн үр дүнг дараахь шалгуур үзүүлэлтээр тодорхойлно:
№ |
Үзүүлэлт |
Хэмжих нэгж |
Суурь түвшин 2018 он |
Зорилтот түвшин 2024 он |
1. | Үндэсний болон олон улсын стандартад нийцсэн халуун усны төв болон ахуйн үйлчилгээний цэг, салбарын тоо |
тоо |
9019 |
10000 |
2. | Ахуйн үйлчилгээний салбарын ажилтны тоо (шинээр бий болгох ажлын байр) |
тоо |
22000 |
32000 |
3. | Явуулын ахуйн үйлчилгээнд хамрагдсан сум, дүүргийн тоо |
тоо |
96 |
165 |
4. | Сургалт, семинарт хамрагдсан ахуйн үйлчилгээ эрхлэгчийн тоо |
Хамрагдагсдын тоо |
2100 |
7800 |
5. | Олон улсын стандартад нийцсэн шинээр бий болох стандарт (шинэчлэх) |
тоо |
20 |
23 (7) |
6. | Салбарт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгжийг бүртгэл мэдээллийн системд хамруулах |
Хамрагдалтын хувь |
0 |
100 |
Долоо. Хөтөлбөрийн хэрэгжүүлэх санхүүжилтийн эх үүсвэр
7.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дараахь эх үүсвэрээс санхүүжүүлнэ:
7.1.1. улсын болон орон нутгийн төсөв;
7.1.2. олон улсын байгууллага, гадаадын зээл, тусламж;
7.1.3. төсөл, хөтөлбөрийн санхүүжилт;
7.1.4. гадаад, дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт;
7.1.5. Засгийн газрын тусгай сангийн хөрөнгө;
7.1.6. хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэр.
Найм. Хөтөлбөрийн хэрэгжилтэд хийх хяналт,
шинжилгээ, үнэлгээ
8.1. Ахуйн үйлчилгээний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хөтөлбөрийн хэрэгжилтэд жил бүр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, шаардлагатай бол хөндлөнгийн үнэлгээ хийлгэх ажлыг зохион байгуулна.
8.2. Ахуйн үйлчилгээний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэхүү хөтөлбөрийн 8.1-д заасан хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг жил бүрийн I дүгээр улиралд багтаан Засгийн газарт танилцуулна.
8.3. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүгнэлт, зөвлөмжид үндэслэн хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөө, шалгуур үзүүлэлтэд холбогдох хууль, журамд заасны дагуу нэмэлт, өөрчлөлт оруулна.
——о0о——