Засгийн газрын 2020 оны 34 дүгээр
тогтоолын хавсралт
МОНГОЛ МАЛЧИН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Нэг. Ерөнхий мэдээлэл
Мал аж ахуйн үйлдвэрлэлийг олон зуун жилийн туршид эрхэлж ирсэн малчид нь Монгол орны нүүдлийн соёл иргэншил, түүхийг бүтээгч, өв соёлыг тээгч, нийгэм, эдийн засгийн томоохон давхарга юм. Манай улсын нийт хүн амын 19.4 хувь нь буюу 617.3 мянган хүн малчин өрхөд амьдарч, ажиллах хүчний 26.7 хувийг малчид бүрдүүлж, нийт өрхийн 25.8 хувийг малтай өрх, үүний 73.5 хувийг малчин өрх эзэлж байна. Үндэсний статистикийн хорооны судалгаагаар нийт малчдын 40.2 хувь нь буюу 114.7 мянган малчин зээлтэй, малтай өрхийн сарын нийт орлого 2018 оны дунджаар 1150.4 мянган төгрөг байна.
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, нийгэм, эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ, шаардлагатай уялдан мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой эрхлэх, байгальд ээлтэй байх харилцаанд малчдын оролцоо, үүрэг, хариуцлага улам бүр нэмэгдэх боллоо.
Монгол Улсын Их Хурлаас сүүлийн үед баталсан Малын генетик нөөцийн тухай хууль, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд малчдын зарим эрх, үүргийг нарийвчлан тодорхойлоод байна. Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030, Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого, Төрөөс малчдын талаар баримтлах бодлого, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Гурван тулгуурт хөгжлийн бодлогын баримт бичигт малчин өрх, малчдын талаар авч хэрэгжүүлэх тодорхой зорилтыг дэвшүүлжээ.
Иймд хууль тогтоомж, төрийн урт, дунд хугацааны бодлогын хэрэгжилтийг хангах, малчдын үйл ажиллагаа, амьжиргаанд шууд болон шууд бусаар нөлөөлдөг хүчин зүйлсийн нөлөөллийг бууруулах, мал аж ахуйн салбарыг тогтвортой хөгжүүлэхэд төрийн зүгээс малчдыг дэмжих, малчдын идэвх санаачилга, хувь нэмэр, оролцоог сайжруулах, малчдыг чадавхжуулах, тэдгээрийн хөгжлийн тулгамдсан зарим асуудлуудыг шийдвэрлэх шаардлага нь энэ хөтөлбөрийг боловсруулах үндэслэл болсон юм.
Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт,
хэрэгжүүлэх хугацаа
2.1. Малчдыг мэдээллээр хангах, хөгжүүлэх, орон нутагтаа ая тухтай ажиллах, амьдрах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах, бүтээмж, орлого, ашгийг нь өсгөх, тэдгээрийг чадавхжуулахад энэ хөтөлбөр (цаашид “хөтөлбөр” гэх)-ийн зорилго оршино.
2.2. Хөтөлбөрийн зорилгыг дараахь зорилтын хүрээнд хэрэгжүүлнэ:
2.2.1. малчдыг мэдлэгжүүлэх, мэдээллээр хангах аян өрнүүлж, тэдгээрийн мэдлэг, туршлага, чадавхыг сайжруулах, хөгжүүлэх, малчдын залуу халааг бэлтгэх;
2.2.2. мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоонд чанарын үнэлэмж бий болгох, нэмүү өртгийн сүлжээнд малчдын оролцоог идэвхжүүлэх;
2.2.3. малчид, малчин өрхийн үйлдвэрлэлийн бүтээмж, нөөц ашиглалтыг нэмэгдүүлэх, орлого, ашгийг өсгөх, эдийн засгийн чадамжийг сайжруулах;
2.2.4. малчдын хамтын хоршил, эко санаачилга, хөрөнгө оруулалтыг идэвхжүүлж, байгальд ээлтэй, хариуцлагатай мал аж ахуйг тогтвортой эрхлэхэд чиглэгдсэн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх;
2.2.5. малчдын орон нутагтаа ая тухтай ажиллах, амьдрах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулахад бодлогын дэмжлэг үзүүлэх;
2.3. Хөтөлбөрийг 2020-2024 онд хэрэгжүүлнэ.
Гурав. Хөтөлбөрийн зорилтот бүлэг, хамрах хүрээ
3.1. Хөтөлбөрийн зорилтот бүлэг нь үндэсний өв соёлыг тээгч, уламжлалт мэдлэгийг түгээн дэлгэрүүлэгч Монгол Улсын иргэн-малчид байна.
3.2. Хөтөлбөрийн хамрах хүрээнд дор дурдсан малчид хамаарна:
3.2.1. малын ашиг шимээр өрхийн үндсэн орлогоо бүрдүүлж, жилийн дөрвөн улирлын туршид өөрийн өмчийн малыг маллаж байгаа 16-аас дээш насны малчин;
3.2.2. мал бүхий этгээдийн өмчлөлийн малыг гэрээний үндсэн дээр маллаж байгаа туслах малчин;
3.2.3. суурин болон хагас суурин аж ахуйд мал бүхий этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр төрөлжсөн үүлдрийн малыг тэжээж, арчилж, маллаж байгаа малчин, саальчин;
3.2.4. сайн дурын үндсэн дээр зохион байгуулалтад орж, хамтран ажиллах хэлбэрээ харилцан тохиролцож, баталгаажуулсан малчдын бүлэг, хоршоо.
Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа
4.1. Малчдыг мэдлэгжүүлэх, мэдээллээр хангах аянг өрнүүлж, тэдгээрийн мэдлэг, туршлага, чадавхыг сайжруулах, хөгжүүлэх, залуу малчдын халааг бэлтгэх зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.1.1. малчдыг мэдлэгжүүлэх, мэдээллээр хангах аяныг улсын хэмжээнд өрнүүлж, малчдын мал маллах ухаан, аж ахуй эрхлэх арга барил, туршлагыг дэлгэрүүлсэн тэргүүний сум, дүүрэг, аймгийг жил бүр шалгаруулах;
4.1.2. малчдад зориулсан сургалт, мэдээллийн танхимийг сум бүрт бий болгож, төрийн бодлого, хууль эрх зүйн мэдлэг олгох, харилцан туршлага солилцох таатай орчинг бүрдүүлэх, малчдыг жигд оролцох боломжоор хангах;
4.1.3. орон нутгийн онцлогтой, мал аж ахуйд хамааралтай уламжлалт мэдлэгийг бүртгэж, түгээн дэлгэрүүлэхэд малчдын оролцоог нэмэгдүүлэх;
4.1.4. малчинд мэргэжлийн үнэмлэх, малчин өрхөд баталгааны тэмдэг олгох, хэрэглэхтэй холбогдсон хууль, журам, шаардлага, ач холбогдлыг таниулах;
4.1.5. мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэвшлийг ашиглан малчдад хэрэгцээт мэдээллийг шуурхай хүргэх, энэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж орон зайн хамаарлыг бууруулах;
4.1.6. залуу малчид, гэрээт болон туслах малчдад зориулсан сургалтын хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх, туршлага судлуулах;
4.1.7. дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, нийгмийн эрэлт, хэрэгцээ, шаардлагад нийцүүлж, үр ашигтай, “ухаалаг” аж ахуй эрхлэх мэдлэгийг түгээж, малчдыг чадавхжуулах.
4.2. Мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоонд чанарын үнэлэмж бий болгох, нэмүү өртгийн сүлжээнд малчдын оролцоог идэвхжүүлэх зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.2.1. сум бүрт мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг төвлөрүүлэн бэлтгэх, үйлдвэрт нийлүүлэх зорилготой малчдын хувь нийлүүлсэн оролцоотой хоршоог дэмжих;
4.2.2. малын гаралтай түүхий эдийг бэлтгэх, хүлээн авах, стандартын дагуу ангилан ялгалт болон чанарын хамгаалалт хийж, зориулалтын дагуу хадгалах, тээвэрлэх, борлуулах сүлжээг хоршоодод тулгуурлан бий болгож, нэмүү өртгийн сүлжээнд малчид харилцан ашигтай оролцох хамтын ажиллагааг нэмэгдүүлэх;
4.2.3. мал сүргийн бүтэц, нөхөн эргэлтийг тооцоолох, нөөцийг тодорхойлох, төлөвлөх нэгдсэн арга зүйг улсын хэмжээнд нэвтрүүлж, мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй болгох;
4.2.4. мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийг малчин өрх, мал бүхий этгээд тус бүрээр тодорхойлох, чанарыг үнэлэх, бүртгэлжүүлэх, баталгаажуулах нэгдсэн системийг хөгжүүлэх;
4.2.5. мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэхэд баримтлах стандарт, техникийн зохицуулалтын шаардлагыг малчид, мал бүхий иргэд, хуулийн этгээдэд таниулах, сурталчлах;
4.2.6. чанараас хамаарсан үнэ, үнэлгээний ач холбогдлыг малчдад таниулах ажлыг сум бүрт зохион байгуулах, мэргэжил, арга зүйн зөвлөгөөг тогтмол өгч, сурталчлах;
4.2.7. мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн улирлын хамаарлыг бууруулах, үнийн тогтворгүй байдлыг арилгахад чиглэгдсэн эдийн засгийн хөшүүргийн бодлогыг хэрэгжүүлэх;
4.2.8. мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний төрөл, ангилал, чанар, үнийг сум, дүүрэг, аймаг, нийслэл тус бүрээр нийтэд мэдээлэх, өөрчлөлт, өрсөлдөх чадварт нь дүн шинжилгээ тогтмол хийх ажлыг зохион байгуулах.
4.3. Малчид, малчин өрхийн үйлдвэрлэлийн бүтээмж, нөөц ашиглалтыг нэмэгдүүлэх, орлого, ашгийг өсгөх, эдийн засгийн чадамжийг сайжруулах зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.3.1. малчин өрх, малчдын үйлдвэрлэлийн бүтээмж, нөөц ашиглалтыг нэмэгдүүлэх хүчин зүйлсийг тодорхойлж, эдийн засгийн төлөвлөлтөд нь дэмжлэг үзүүлэх замаар малчдын орлого, ашиг, чадамжийг нэмэгдүүлэх;
4.3.2. мал аж ахуйн үйлдвэрлэлийн онцлогт нийцсэн хөдөлмөрийн харилцааны хэв шинжийг судалж, туслах малчны хөдөлмөрийн харилцааг зохицуулсан эрх зүйн орчныг бүрдүүлэх;
4.3.3. малчдын хөдөлмөрийн бүтээмж, үнэлэмжийг тогтоох арга зүйг боловсруулж, нэвтрүүлэх;
4.3.4. малчин, малчин өрхийн гишүүдийн хүсэлтээр мал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд биет үнэлгээ хийлгэх, хөдлөх хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулахад чиглэсэн зөвлөх, нэвтрүүлэх үйлчилгээг дэмжин хөгжүүлэх;
4.3.5. малчин өрх үйлдвэрлэж байгаа түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг лабораторид баталгаажуулах, баталгааны тэмдэг хэрэглэх, бэлтгэн нийлүүлэлт, борлуулалтын тогтолцоонд үе шаттайгаар шилжих;
4.3.6. малын чанар, ашиг шимийг сайжруулж, өрхийн орлого, үр ашгийг өсгөх боломж, ач холбогдлыг малчид, туслах болон гэрээт малчид, мал бүхий иргэдэд таниулах, сум, баг бүр мал сүргийн үржил селекцийн ажлын хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх;
4.3.7. малын төрөл бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлэх замаар малчин өрхийн орлогыг нэмэгдүүлэх ажлыг үнэлж, дүгнэдэг болох;
4.3.8. мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, нөөц ашиглалтын түвшний өсөлтийн үзүүлэлтийг улсын аварга малчин өрх, сум, дүүрэг шалгаруулах болзолд тусгах, бүтээмжийг үнэлж, урамшуулах;
4.3.9. малчдын эдийн засгийн чадамжийг сайжруулахад чиглэгдсэн хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны цар хүрээг тэлэх.
4.4. Малчдын хамтын хоршил, эко санаачилга, хөрөнгө оруулалтыг идэвхжүүлж, байгальд ээлтэй, хариуцлагатай мал аж ахуйг тогтвортой эрхлэхэд чиглэгдсэн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.4.1. малчдын хамтын хоршил, малчдын бүлгийн эко санаачилга, хөрөнгө оруулалтыг идэвхжүүлж, бэлчээрийг зохистой ашиглах, сайжруулах, хамгаалах, менежментийг үр дүнтэй хэрэгжүүлэх;
4.4.2. уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэйгээр малчид, малчин өрхийн амьжиргаанд нөлөөлөх хүчин зүйлс, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлж, малчдад таниулах, сурталчлах, хариу арга хэмжээний төлөвлөгөөг сум, аймаг бүр боловсруулж, хэрэгжүүлэх;
4.4.3. байгальд ээлтэй, хариуцлагатай мал аж ахуйг тогтвортой эрхлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлийн хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулахад чиглэсэн төсөл, арга хэмжээг малчдын бүлэгт хэрэгжүүлэх;
4.4.4. малчдын оролцоо, орон нутгийн хөрөнгө оруулалтад тулгуурлан малын тэсвэрт чанарыг бататгах, мал аж ахуйн үйлдвэрлэлийн эрсдэл даах, дасан зохицох чадавхыг сайжруулах, техник, технологийн дэвшил, инновацийг нэвтрүүлэх;
4.4.5. малчид, малчин өрхийн орлогыг бууруулахгүйгээр бэлчээрийн даацаас хэтэрсэн малын тоог үе шаттай бууруулах, хэрэгцээнээс давсан малыг борлуулах үр дүнтэй арга, тэргүүн туршлагыг сум, аймаг, улсын түвшинд нэвтрүүлэх;
4.4.6. малчдын санал, санаачилгаар цас борооны ус тогтоох, усан сан, нуур, хөв, цөөрөм байгуулах, сэргээгдэх эрчим хүч ашиглах, худгийн ашиглалт, хамгаалалтыг малчдын бүлэгт гэрээгээр хариуцах санаачилгыг дэмжиж, хэрэгжүүлэх;
4.4.7. бэлчээрт хор хөнөөл учруулж байгаа мэрэгч амьтан, шавжтай тэмцэхэд малчид, мал бүхий этгээдийн оролцоог нэмэгдүүлэх, бүртгэл, хяналттай болгох;
4.4.8. мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийн төлөвлөлт, стратеги, хөрөнгө оруулалтын бодлогыг боловсруулах, экологийн үнэлгээ хийхэд олон улсын арга зүйг нэвтрүүлэх;
4.4.9. бэлчээрийн төлөв байдлын үндэсний тайлан, сумын бэлчээр ашиглалтын жил бүрийн төлөвлөгөөнд үндэслэн малчид бэлчээрийн даацад нийцүүлэн мал аж ахуй эрхлэх, бэлчээрийг зохистой ашиглах, сайжруулах, хамгаалах үйл ажиллагааг эрчимжүүлэх.
4.5. Малчдын орон нутагтаа ая тухтай ажиллах, амьдрах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулахад бодлогын дэмжлэг үзүүлэх зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагаа хэрэгжүүлнэ:
4.5.1. малчин ахуй, өв соёлд суурилсан аялал жуулчлал түүнийг дагасан үйлчилгээ, эко бүтээгдэхүүн борлуулалтыг хөгжүүлж, малчдын ногоон үйлдвэрлэл эрхлэх ур чадварыг дээшлүүлэн, орлогыг нэмэгдүүлэх;
4.5.2. “Шинэ хөдөө”, “Залуу малчин”, “Сарлаг”, “Тэмээ” зэрэг тухайлсан төсөл, дэд хөтөлбөрийг орон нутгийн онцлогт тохируулан хэрэгжүүлж, малчдын орлого, ашгийг нэмэгдүүлэх;
4.5.3. малчин өрхийн эргэлтийн хөрөнгийн үнэлгээ, малын бүртгэлийн системд суурилан банк санхүүгийн, зээлийн батлан даалтын болон даатгалын үйлчилгээг малчдад дарамтгүйгээр шуурхай үзүүлэх боломжийг бүрдүүлэх;
4.5.4. малчид өвлүүлэх үл хөдлөх хөрөнгөтэй болохыг дэмжиж, ипотекийн болон арилжааны банкны хөтөлбөрт хамруулах, зээлийн хөнгөлөлт үзүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх;
4.5.5. малчдын хүүхэд бага ангид шинээр элсэн суралцахтай холбогдон малчин өрхөд үүсч байгаа хүндрэлийг багасгахад чиглэгдсэн шинэ арга барилыг нэвтрүүлэх;
4.5.6. байгалийн давагдашгүй хүчин зүйлсийн нөлөөлөл, эрэлт, хэрэгцээ, шаардлагаас үүдэн “Малжуулах” төслийг хэрэгжүүлэх асуудлыг орон нутгийн бодлогоор шийдвэрлэх;
4.5.7. орон нутгийг хөгжүүлэх арга хэмжээнд малчдын идэвх, оролцоог нэмэгдүүлж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, мал аж ахуйг тогтвортой эрхлэхийг дэмжин хөгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийг хамтын оролцоогоор бүрдүүлэх;
4.5.8. “Өнтэй өвөл, хавар” арга хэмжээг жил бүр зохион байгуулж, малчин өрх, мал бүхий этгээдийн өвс, хадлан, тэжээл бэлтгэх, дүгнэх шалгуурыг баталгаажуулж, болзолтой болгох;
4.5.9. малчдыг тогтмол орлого, хуримтлалтай болгох зорилгоор мал, мах бэлтгэн нийлүүлэх арга хэмжээг идэвхжүүлж, мал сүргийг экологийн даацад нийцүүлэх үйл ажиллагаанд оролцогч талуудын хамтын ажиллагааг нягтруулах;
4.5.10. малчид, малчин өрхийн ахуйн соёлыг дээшлүүлэх, тэдгээрийн хэрэглээ, шаардлагад нийцсэн соёл урлагийн болон бусад ахуйн үйлчилгээг сайжруулах, малчдыг өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд хамрагдах ажлыг идэвхжүүлэх, ач холбогдлыг сурталчлах;
4.5.11. малчид ая тухтай амьдрах, аж ахуйгаа эрхлэх, хөдөлмөрөө хөнгөвчлөх боломж нөхцөлийг сайжруулж, техник, технологийн дэвшлийг нэвтрүүлэх, ашиглах.
Тав. Хөтөлбөрийн үр дүн
5.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараахь үр дүнд хүрнэ:
5.1.1. малчдын мэдлэг, чадавх сайжирснаар мал аж ахуй эрхлэх арга барил боловсронгуй болж, шинэ мэдлэг, техник, технологийг нэвтрүүлэх үйл ажиллагаанд дэвшил гарна.
5.1.2. мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын хяналт сайжирч, бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо, үнэ цэнийн сүлжээнд өрсөлдөх чадварын өөрчлөлт, дэвшил гарна.
5.1.3. малчин өрхийн нөөц ашиглалт, бүтээмжийн түвшин өсч, мал аж ахуйн салбарын нийт үйлдвэрлэл, малчдын орлого, ашиг нэмэгдэнэ.
5.1.4. уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, эрсдэл даах чадавхыг бататган сайжруулах үйл ажиллагаа эрчимжиж, мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой эрхлэх, хөгжүүлэх эрх зүй, хөрөнгө оруулалтад эерэг нөлөөлөл авчирна.
5.1.5. хөдөөгийн хөгжилд малчдын оруулах санаачилга, хувь нэмэр голлох үүрэг гүйцэтгэж, малчдад хандсан төрийн бодлого, татвар, санхүүгийн тогтвортой, таатай орчин бүрдэж, малчдын орон нутагтаа ая тухтай ажиллах, амьдрах нөхцөл, нийгмийн баталгаа сайжирна.
Зургаа. Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт
6.1 Хөтөлбөрийн хэрэгжилтийг дараахь шалгуур үзүүлэлтээр үнэлнэ:
№ | Зорилт | Шалгуур үзүүлэлт | хэмжих нэгж | суурь түвшин 2018 он | зорилтот түвшин 2024 он |
1. | Малчдыг мэдлэгжүүлэх, мэдээллээр хангах аянг өрнүүлж, малчдын мал маллах, аж ахуй эрхлэх арга барил, мэдлэг, чадавхыг сайжруулах, малчдын залуу халааг бэлтгэх; | малчдад зориулсан сургалт, мэдээллийн тэнхим | тоо | 0 | 331 |
сургалтад хамрагдах малчид | тоо | 12972 | 200000 | ||
тэргүүн туршлага судалсан, нэвтрүүлсэн малчид | тоо | 43500 | 100000 | ||
16-44 насны малчдын өөрчлөлт | тоо | 180100 | 190000 | ||
2. | Мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэх тогтолцоог шинэчлэх, чанарын үнэлэмж бий болгох, нэмүү өртгийн сүлжээний хамтын ажиллагааг нягтруулах; | сумын түүхий эдийн загвар хоршоо | тоо | 3 | 235 |
малын ашиг шимийн түвшинг шинэчилсэн стандарт | тоо | 0 | 5 | ||
чанарын лаборатори, тоног төхөөрөмжийн хангамж | хувь | 0 | 70 | ||
чанарын үнэлэмж бий болгосон түүхий эд, бүтээгдэхүүний төрөл | тоо | 0 | 5 | ||
3.
|
Малчин өрхийн бүтээмж, эдийн засгийн чадамж, нөөц ашиглалтыг нэмэгдүүлэх, байгальд ээлтэй, хариуцлагатай мал аж ахуйг тогтвортой эрхлэх, орлого, ашгаа өсгөх нөхцөлийг сайжруулах; | малтай өрхийн сарын дундаж мөнгөн орлогын өөрчлөлт | мян.төг | 936,4 | 1404,6 |
зээлтэй малчдын эзлэх хувийн өөрчлөлт | хувь | 39,1 | 30,0 | ||
байгальд ээлтэй, хариуцлагатай мал аж ахуй эрхлэх шалгуур, хэрэгжилт | хувь | 0 | 50 | ||
бэлчээр ашиглалтын журам, төлөвлөгөөтэй сум | тоо | 43 | 200 | ||
байгальд ээлтэй технологи, инноваци нэвтрүүлэлт | хувь | 2 | 10 | ||
4. | Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулж дасан зохицох, эрсдэл даах чадавхыг бататган сайжруулах үйл ажиллагааг эрчимжүүлэх; | малчдад зориулж энэ чиглэлээр хэрэгжүүлэх төсөл | тоо | 2 | 5 |
малчдын эрсдэл даах чадавхын шалгуур, хэрэгжилт | хувь | 0 | 50 | ||
малын тэсвэрт чанар, дасан зохицолтын судалгаа | тоо | 0 | 5 | ||
5. |
Малчдын хамтын хоршил, эко санаачилга, хөрөнгө оруулалтыг идэвхжүүлж, орон нутагтаа ая тухтай ажиллах, амьдрах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулахад бодлогын дэмжлэг үзүүлэх; |
малчдын бүлэг, нөхөрлөлийн өсөлт | тоо | 73128 | 85000 |
интернэт хэрэглэгч малчдын тоо | тоо | 32000 | 80000 | ||
малчдын ахуйн соёлыг дээшлүүлэхэд шинэ арга хэмжээ хэрэгжүүлсэн сум | тоо | 0 | 331 | ||
эрүүл мэндийн эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдсан малчид | хувь | 18,0 | 30,0 | ||
нийгмийн даатгалд хамрагдсан малчид | хувь | 26,5 | 45,0 | ||
эрүүл мэндийн даатгалд хамрагдсан малчид | хувь | 68,4 | 83,4 |
Долоо. Хөтөлбөрийн санхүүжилт
7.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг дараахь эх үүсвэрээр бүрдүүлнэ:
7.1.1. улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө;
7.1.2. олон улсын төсөл, хөтөлбөрийн хөрөнгө оруулалт, зээл, хандив, тусламж;
7.1.3. арилжааны банкны эх үүсвэр;
7.1.4. малчид, мал бүхий этгээдийн хөрөнгө оруулалт;
7.1.5. гадаад, дотоодын байгууллагын хөрөнгө оруулалт;
7.1.6. бусад эх үүсвэр.
Найм. Хөтөлбөрийн хэрэгжилтэд хийх
хяналт-шинжилгээ, үнэлгээ
8.1. Хүнс, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хөтөлбөрийн жил бүрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, шаардлагатай бол хөндлөнгийн үнэлгээ хийлгэх ажлыг зохион байгуулна.
8.2. Хөтөлбөрийн 8.1-д заасан хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг хүнс, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулна.
8.3. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүгнэлтэд үндэслэн хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөө, шалгуур үзүүлэлтэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу нэмэлт, өөрчлөлт оруулж болно.
—–о0о—–