“НООЛУУР” ХӨТӨЛБӨР (2018-2021)
Нэг. Ерөнхий мэдээлэл
1.1. Хөтөлбөрийг боловсруулах эрх зүйн үндэслэл
“Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын 2.1.3-т Аж үйлдвэрийг хөгжүүлэх I үе шат (2016-2020 он)-нд “Нийт боловсруулах үйлдвэрлэлийн эзлэх хувийн жинг 15 хувьд хүргэж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний биржийн сүлжээг боловсронгуй болгож, дэвшилтэт технологид суурилсан экспортын чиглэлийн боловсруулах үйлдвэрлэлийн кластерыг хөгжүүлж, бүтээмжийг нэмэгдүүлэн арьс, шир, ноос, ноолуур зэрэг түүхий эдийн бүрэн боловсруулалтыг 60 хувьд хүргэх” гэж; Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.50-д “Хөнгөн, жижиг, дунд үйлдвэр, хоршооны салбарт урт хугацаат хөрөнгө оруулалтын болон санхүү зээлийн уян хатан бодлого хэрэгжүүлнэ” гэж; Улсын Их Хурлын 2016 оны 71 дүгээр тогтоолоор баталсан Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн 2.1.10-д “Ноолуур” хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлнэ” гэж заасныг тус тус үндэслэн энэхүү үндэсний хөтөлбөрийг боловсруулсан болно.
1.2. Нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудал
Засгийн газрын 2000 оны 114 дүгээр тогтоолоор баталсан “Ноолуур” хөтөлбөрийг 2000-2004 онд хэрэгжүүлсний үр дүнд ноолууран эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт эрчимтэй өсч, тухайн үеийн эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал хувь нэмрийг оруулсан.
Үндэсний статистикийн хорооны 2017 оны мэдээгээр ноолуурын нийт нөөцийн 12 хувийг бүрэн боловсруулж, тус салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл аж үйлдвэрийн 2,3 хувь, боловсруулах үйлдвэрийн 7 хувь, хөнгөн үйлдвэрийн 55 хувийг тус тус эзэлж байна. 2017 онд 5409.7 тонн угаасан ноолуур, 571.4 тонн самнасан ноолуур, 915.6 мянган ширхэг сүлжмэл хувцас үйлдвэрлэсэн байна. Түүхий эдийн нийт нөөцийн 90 хувийг анхан шатны боловсруулалт хийсэн байдлаар, 10 хувийг нэхмэл, сүлжмэл зэрэг эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодод болон экспортод гаргажээ.
Малын эрүүл мэнд, малын удмын сангийн бодлого алдагдаж, малчид малын чанарт бус тоонд анхаарч малаа өсгөснөөс болж түүхий эдийн чанар болон нэг малаас авах ашиг шимийн хэмжээ буурсан талаар олон улсын байгууллагуудын судалгааны тайлан болон энэ чиглэлээрх салбарын эрдэмтдийн гаргасан дүгнэлтэд дурдагджээ. Малчид ямаагаа өсгөн аль болох нас гүйцээж, нэг ямаанаас авах түүхий эдийг чанараар бус тоон үзүүлэлтээр нэмэгдүүлснээр ноолууран ширхэгтийн микрон бүдүүрч улмаар энэ нь бүтээгдэхүүний чанарт шууд нөлөөлж, үйлдвэрлэлийн үр ашгийг бууруулах үндсэн шалтгаан болж байна.
Түүхий эдийн бэлтгэлийн улирал буюу жил бүрийн 3, 4 дүгээр сард ноолуурын эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрүүд түүхий эдээ худалдан авах эргэлтийн хөрөнгийн дутагдалтай байх үед гадаадын худалдаа эрхлэгчид манай улсад зорин ирж сайн чанарын түүхий эдийг бэлэн мөнгөөр худалдан авч, маш бага татвар төлж, экспортын татваргүйгээр түүхий эдийн 80 гаруй хувийг ямар ч өртөг шингээлгүй, угаасан байдлаар экспортод гаргасаар байна. Үүнээс шалтгаалж дотоодын үйлдвэрүүд түүхий эдийн хомсдолд орж, суурилагдсан хүчин чадлынхаа дөнгөж 40-60 хувийг ашиглаж байгаа нь ажилтны цалин хөлсөд нөлөөлөх, улмаар тус салбарын мэргэжлээр суралцагчдын тоо жилээс жилд цөөрөх хандлагатай байна. Өнөөдөр манай улсын ноолуурын салбарт инженер, техникийн 1000, нарийн мэргэжлийн 3000 гаруй ажилтны хэрэгцээ шаардлага байгаа ч сүүлийн 5 жилд дунджаар инженерийн боловсролтой 40-50, нарийн мэргэжлийн 10 хүрэхгүй ажилтан жилд бэлтгэгдэж төгссөн байна.
Дээр дурдсан тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, ноолуурын үйлдвэрлэлийн техник, технологийг хөгжүүлэх, эцсийн бүтээгдэхүүний нэр төрөл, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, экспортыг дэмжих зорилгоор “Ноолуур” хөтөлбөрийг боловсруулав.
Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт
2.1. Ноолуурын бүрэн боловсруулалтын түвшинг 60 хувьд хүргэж, байгаль орчинд ээлтэй эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлж, ноолууран бүтээгдэхүүний олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.
2.2. Хөтөлбөрийн зорилгын хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлж байна:
2.2.1. эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд шаардлагатай эрх зүй, хөрөнгө оруулалт, татварын таатай, тогтвортой орчинг бүрдүүлэх;
2.2.2. ямааны үүлдэр угсаа болон түүхий эдийн бэлтгэл, ноолуурын чанарыг сайжруулах;
2.2.3. ноолуурын бүрэн боловсруулалтын түвшнийг үе шаттай ахиулж, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх;
2.2.4. байгальд ээлтэй дэвшилтэт техник, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, зорилтот зах зээлд чиглэсэн ээлтэй, өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүнийг хөгжүүлэх;
2.2.5. салбарын хүний нөөцийг эрэлт, шаардлагад тулгуурлан сургаж, мэргэшүүлэх замаар үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх.
Гурав. Хөтөлбөр хэрэгжүүлэх үе шат
3.1. Хөтөлбөрийг 4 жилийн хугацаатай дараах үе шаттайгаар хэрэгжүүлнэ:
3.1.1. Нэгдүгээр үе шат: 2018-2019 онд нийт түүхий эдийн 40 хувийг дотоодын үйлдвэрийн хэрэгцээнд авч, ноолуурын үйлдвэрлэл, худалдаанд мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг боловсронгуй болгох, аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн оновчтой дэмжлэг үзүүлэх замаар үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх, бүрэн боловсруулалтын түвшинг ахиулах, кластерыг дэмжих, брэндийг таниулах, түүхий эдийн чанар, бэлтгэлийн тогтолцоог сайжруулна.
3.1.2. Хоёрдугаар үе шат: 2020-2021 онд нийт түүхий эдийн 60 хувийг дотоодын үйлдвэрийн хэрэгцээнд авч, бүрэн боловсруулан тэргүүний болон дэвшилтэт технологид суурилсан экспортын чиглэлийн боловсруулах үйлдвэрлэлийн бүтээмж, бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлнэ.
Дөрөв. Хэрэгжүүлэх арга хэмжээ
4. Хөтөлбөрт тусгагдсан зорилтын хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:
4.1. Хөтөлбөрийн 2.2.1 дэх зорилтын хүрээнд:
4.1.1. ноолууран эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх зорилго бүхий эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын сан байгуулах, 500.0 хүртэлх тэрбум төгрөгийн тогтмол эх үүсвэрийг бүрдүүлэх эрх зүйн орчныг боловсруулах;
4.1.2. ноолуурын анхан шатны боловсруулалтыг төр, хувийн хэвшлийн хяналттай болгох чиглэлээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах;
4.1.3. ноолуурын бэлтгэл, боловсруулалтын үе шат бүрт аж ахуйн нэгжүүд хоршин ажиллах чиглэлээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулах;
4.1.4. борлуулалт, маркетингийн цогц арга хэмжээг хөгжүүлж, гадаад худалдааг хөнгөвчлөх, өргөжүүлэх цогц арга хэмжээ авах;
4.1.5. үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, химийн болон бусад туслах материалыг импортлох үйл ажиллагааг татварын бодлогоор дэмжих асуудлыг судалж боловсруулах;
4.1.6. угаасан ноолуурын экспортыг багасгах чиглэлээр тарифын болон тарифын бус хязгаарлалт хийх асуудлыг судлан шийдвэрлэх;
4.1.7. ноолуурын боловсруулалтын түвшин, өртөг шингэсэн байдлаас хамаарч 3-аас доошгүй жилийн хугацаатай эргэлтийн хөрөнгийн болон хөнгөлөлттэй нөхцөлтэй, хөрөнгө оруулалтын урт хугацаатай зээлийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авах;
4.1.8. ноолуурыг ангилж үйлдвэрт тушаасан малчинд чанараас хамаарсан нэг удаагийн урамшуулал олгох асуудлыг судалж шийдвэрлэх.
4.2. Хөтөлбөрийн 2.2.2 дахь зорилтын хүрээнд:
4.2.1. ямааны үүлдэр, омог, тархац болон ноолуурын шинж чанарт судалгаа хийж, бэлчээрийн хомсдол бий болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор сүргийн оновчтой бүтцийг бүсчилсэн байдлаар тогтоох асуудлаар санал, төсөл боловсруулж хэрэгжүүлэх
4.2.2. ноолуурыг чанараар нь ангилан бэлтгэх, бүртгэлжүүлэх тогтолцоог туршиж бий болгох, нэвтрүүлэх арга хэмжээ авах;
4.2.3. малчид, малчдын хоршоодод зориулсан түүхий эд бэлтгэлийн чиглэлээр шаталсан сургалтыг аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулах;
4.2.4. түүхий эдийг хөдөө аж ахуйн биржээр арилжаалахад малчид, үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх арга хэмжээ авах;
4.2.5. түүхий эдийн бэлтгэлийг тогтвортой байлгах зорилгоор бэлчээр хамгаалах, нөхөн сэргээлт хийх, ойжуулах, усжуулах, хадлан тэжээл бэлтгэх чиглэлээр үйлдвэрлэл эрхлэгчид, малчдын оролцоотой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх;
4.2.6. малыг эрүүлжүүлэх ажил болон түүхий эдийг боловсруулах явцад ноолуурын ширхэгийг гэмтээхгүйгээр хаг болон бусад хогт хольцын хэмжээг бууруулах, арилгах дэвшилтэт арга ажиллагаа, технологи нэвтрүүлэх.
4.3. Хөтөлбөрийн 2.2.3 дахь зорилтын хүрээнд:
4.3.1. хувийн хөрөнгө оруулалтаар ээрмэлийн үйлдвэр байгуулах, хүчин чадлыг нэмэгдүүлэн өргөжүүлэх;
4.3.2. сүлжмэл, нэхмэлийн жижиг, дунд үйлдвэрүүдийг кластерийн зохион байгуулалтад оруулан бүртгэлжүүлж, ээрмэл утас, туслах материал, загвар дизайны нэгдсэн захиалга, борлуулалтын үйл ажиллагааг эрхлэх ажлыг салбарын мэргэжлийн холбоогоор хариуцуулан гүйцэтгүүлэх;
4.3.3. хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд халгүй, чанар, аюулгүйн стандартын шаардлага хангасан ээлтэй бүтээгдэхүүн болон хэрэглээний шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил, инновацийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх;
4.3.4. ноолуурын бэлтгэл, чанар, стандарт, технологийн сургалт, үзэсгэлэн худалдаа, технологи дамжуулалт болон бусад үйлчилгээг мэргэжлийн холбоогоор гэрээгээр гүйцэтгүүлэх, үр дүнг жил бүр дүгнэж үйлдвэрлэгчид, малчдад мэдээлэх.
4.4. Хөтөлбөрийн 2.2.4 дэх зорилтын хүрээнд:
4.4.1. ноолууран бүтээгдэхүүний хэрэглээний чиг хандлагын мэдээллийн сан бүрдүүлэх, гадаад, дотоодын зах зээлийн тандан судалгааг системтэй дэмжин хөгжүүлэх;
4.4.2. монгол ноолуурын өнгө, давуу шинж чанарт тулгуурлан “Монголын Хаан Ширхэгт” брэндийг хөгжүүлж, зах зээлд таниулах, сурталчлах;
4.4.3. байгаль орчинд ээлтэй шинэ, дэвшилтэт техник, технологи үйлдвэрлэлд нэвтрүүлж, олон улсын чанар, аюулгүйн стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн, органик бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх;
4.4.4. олон улсын зах зээлд ноолууран бүтээгдэхүүнийг таниулах, сурталчлах зорилтот үзэсгэлэн яармаг, бизнес форумд оролцох, зохион байгуулах;
4.4.5. хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн нэхмэлийн сорилт, судалгааны лабораторийг шинэчлэн чадавхжуулж, олон улсын түвшний сорилт баталгаажуулалт хийх түвшинд хүргэх арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулах;
4.4.6. ноолуурын өртгийн сүлжээнд хамрагдсан үйлдвэрлэл, худалдааг бүртгэлжүүлэн нэхмэлийн үйлдвэрлэлийг парк, кластераар хөгжүүлэхийг дэмжих.
4.4.7. ноолуурын үйлдвэрийг 3 жил тутамд аттестатчлах замаар шаардлагатай техник, технологийг шинэчлэх, үйлдвэрийг өргөтгөх.
4.5. Хөтөлбөрийн 2.2.5 дахь зорилтын хүрээнд:
4.5.1. салбарын мэргэжилтэй ажилтны хэрэгцээг 4 жилээр төлөвлөж, эрэлтэд нийцсэн богино, урт хугацааны сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
4.5.2. боловсруулах үйлдвэрлэлийн технологи, тоног төхөөрөмжийн инженерийг тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлд хамруулж, тэтгэлэгтэй болгох асуудлыг судалж шийдвэрлэх;
4.5.3. салбарын нарийн мэргэжлийн ажилтнуудыг гадаад, дотоодын их, дээд сургуулийн ахисан шатны сургалтад сургаж мэргэшүүлэх ажлыг төр, хувийн хэвшлийн оролцоотой хэрэгжүүлэх;
4.5.4. үйлдвэрүүд гадаад дахь ижил төрлийн үйлдвэртэй мэргэжилтэн солилцох хэлбэрээр олон улсын техник, технологийг судлах, туршлага хуримтлуулах ажлыг зохион байгуулах;
4.5.5. мэргэжилтэй ажилтны мэдээллийн сан бий болгож, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах;
4.5.6. ноолуурын салбарын үйлдвэрлэлийн үйл ажиллагааны онцлог, ололт амжилт болон хөтөлбөр, түүний хэрэгжилтийн явцын талаар олон нийтэд сурталчлах арга хэмжээг тогтмолжуулах.
Тав. Хөтөлбөрийн үр нөлөө, шалгуур үзүүлэлтүүд
5. Хөтөлбөр хэрэгжүүлснээр дараах үр дүнд хүрнэ:
5.1. Хөтөлбөр хэрэгжих хугацаанд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжид татвар, санхүүгийн оновчтой дэмжлэг үзүүлснээр түүхий эдийн бүрэн боловсруулалтын түвшинг 60 хувьд хүргэнэ.
5.2. Ээрмэл утас үйлдвэрлэлийг 3-3,5 дахин өсгөнө.
5.3. Ноолуурын салбарт олгох хөнгөлөлттэй зээл, хөрөнгө оруулалтын дэмжлэгийн нөхцөл сайжирсан байна.
5.4. “Монголын Хаан Ширхэгт” чанарын гэрчлэх тэмдэг бүхий байгальд ээлтэй, өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүнийг бий болгож, дотоод, гадаадын зах зээлд таниулсан байна.
5.5. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сорилт, судалгааны хүрээлэнтэй болсон байна.
5.6. Мэргэжлийн холбооноос үзүүлэх үйлчилгээний нэр төрөл өссөн байна.
5.7. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ноолуурын салбарт одоо байгаа 5.000 гаруй ажлын байр тогтвортой хадгалагдаж, 3600 гаруй ажлын байр шинээр бий болж, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт 5,7 дахин өссөн байна.
5.8. Хөтөлбөрийн хэрэгжилтийг дараах шалгуур үзүүлэлтээр дүгнэнэ. (2017 оны статистик мэдээллийг суурь болгон авч үзнэ).
№ | Үзүүлэлт | Хэмжих нэгж | Суурь түвшин (2017 он) | Зорилтот түвшин (2021 он) |
1. | Угаасан ноолуурын экспорт | тн | 5409.7 | 2632 |
2. | Самнасан ноолуурын экспорт | тн | 571.4 | 1579 |
3. | Сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэлт | мя.ш | 915.6 | 2200 |
4. | Ажлын байрны тоо (байнгын) | хүн | 5582 | 9110 |
Тайлбар: Угаасан ноолуурын экспортын зорилтот түвшинг тооцохдоо суурь түвшинг 2017 оны түүхий ноолуурын бэлтгэлийн гарцыг 9400 тонн-оор авч, түүхий эдийн 40 хувь буюу 3760 тонн ноолуурыг 70 хувийн гарцтайгаар угааж экспортолно гэж тооцов.
Зургаа . Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт
6.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих үүргийг хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцна.
Долоо. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилтийн эх үүсвэр:
7.1. гадаад, дотоодын хөрөнгө оруулалт;
7.2. улсын болон орон нутгийн төсөв;
7.3. гадаадын зээл, тусламж;
7.4. Засгийн газрын гадаад, дотоод үнэт цаас;
7.5. бусад эх үүсвэр.
Найм. Хөтөлбөрийн хяналт-шинжилгээ, үнэлгээ
8.1. Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнд жил бүр хяналт-шинжилгээ, үнэлгээг хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 10.7-д заасны дагуу хийж гүйцэтгэнэ.
8.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээг Засгийн газрын 2017 оны 89 тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ үнэлгээ хийх нийтлэг журам”-ын 7.5 дахь заалтын дагуу хийх бөгөөд явц, үр дүнг хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Засгийн газарт танилцуулна.
8.3. Хөтөлбөрт хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний явцын болон эцсийн дүгнэлт, зөвлөмжид үндэслэн төрийн захиргааны төв байгууллагууд, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах болон шаардлагатай бусад арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
-оОо-