Мэдээллийн зууны гайхамшигт технологи, хүн төрөлхтнийг холбосон их ололтын цахим өртөө, веб хуудсаар дамжуулан Өмнийн говь нутаг, аймаг, улс орон, тив дэлхийтэй харилцах таатай боломж бүрдсэнийг тохиолдуулан эрхэм хэрэглэгч танд Өмнөговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хамт олоноос болон өмнийн говь нутгийнхаа баялаг бүтээгч малчид, тариаланч, хүнс үйлдвэрлэгчдийн нэрийн өмнөөс чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Төв Азийн говь нутагт олон мянганыг элээн бэлчээрийн мал аж ахуй, нүүдлийн соёл иргэншлийг үе дамжин бүтээлцсэн, өдгөө зах зээлийн үед мал аж ахуйн үйлдвэрлэлийг авч яваа малчид, нэгэн жарны хугацаанд газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийн салбарыг бий болгосон ногоочид, хүнсчдийн ажил, амьдрал, ололт, байгаль, цаг уур, хөдөөгийн онцлог, мэрэгжлийн байгууллагын үйл ажиллагаа, орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулсан өнгөрсөн, одоо, ирээдүйн хөгжлийн талаар энэ цахим хуудсаар уулзан танилцаж тодорхой мэдээллийг авна гэдэгт итгэлтэй байна.
Өмнөговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн салбарт 2019 оны байдлаар 5819 малчин өрх, 3,3 сая толгой малтай, газар тариалан, жижиг дунд үйлвэрлэл, хүнсний салбарт 3000 гаруй иргэд, мэргэжлийн байгууллагад 80 ажилтан ажиллаж байгаа нь аймгийн хүн амын 33,2 хувийг хамарч байна.
Аймгийн нийгэм, эдийн засгийн үндсэн салбар болох Хүнс, хөдөө аж ахуй дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр уул уурхайн дараа орж байгаа ч ажил эрхлэлтийн байдлаар эхний байрыг эзлэн хүн амыг экологийн хүнсний бүтээгдэхүүнээр хангах, бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх эрхэм үүргээ биелүүлсээр ирсэн мөнхийн “Амьд баялаг бүтээгч” үйлдвэр юм.
Хүнс, хөдөө аж ахуйн салбар нь Зах зээлийн харилцаа, нийгмийн хөгжлийн хурдад нийцсэн зөв бүтэц, зохион байгуулалт, шилжих эрэлт хэрэглээнд тулгуурласан нийлүүлэлт, чанартай түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, инновацийн хөгжил, мэдээлэл үйл ажиллагааны сүлжээ бүхий оновчтой материаллаг баазын тогтолцоо, мэдлэг, чадвартай хүний нөөцийн хангалтыг бүрдүүлэх зорилго тавьж улмаар аймгийн хэмжээнд 2019 оныг “Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жил” болгон зарлаж тус салбарт 9,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хийж хэрэгжүүлж байгааг та бүхэнд дуулгахад таатай байна.
Манай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн төлөө сэтгэл, үйл ажиллагаа, хамтын хөдөлмөрөө хандуулах хэн бүхэнд манай ажил, үйлчилгээ вэб хуудаснаа нээлттэй байх болно.
Та бүхэн Өмнөговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын вэб сайтад тухлан саатаж таалан соёрхоно уу.
Таныг хүндэтгэсэн :
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗРЫН ДАРГЫН ЗӨВЛӨЛ