Өмнөговьчууд говь нутгийн бахархал болсон хоёр бөхт тэмээгээ өсгөн үржүүлэх хайрлан хамгаалах чиглэлээр олон ажлыг амжилттай хийж хэрэгжүүлж байна. Оны босгон дээр ханын хэцийн хүрэн, галбын говийн улаан омгийн тэмээдээ үүлдэр болгон баталгаажуулсан онцлох үйл явдал тохиосон төдийгүй 118 мянган тоо толгой тэмээ тоолуулсан амжилттай байна. Түүнчлэн хоёр бөхт тэмээ, тэмээчдийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, дэлхийн гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоох зорилгоор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар хамтран Монгол тэмээ-999 арга хэмжээг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хийж байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд тэмээний ноос ноосон бүтээгдэхүүн, гар урлал ингэний сүү цагаан идээний үзэсгэлэн болно.