Өнгөрсөн оны 9 сард хонины цэцэг өвчин манай аймагт гарсантай холбогдуулан 2017 оны 05 сарын 1-нийг хүртэл морь, тэмээний уралдаан болон малын шилжилт хөдөлгөөнийг хорьсон аймгийн Засаг даргын албан даалгавар гарсан. Үүнтэй холбоотойгоор сар шинийн баярыг тохиолдуулан сумдад уламжлал болгон зохион байгуулагддаг тэмээний баяр, түүнтэй холбоотой арга хэмжээг зохион байгуулахгүй байх шийдвэр гарлаа. Тухайлбал Булган суманд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ихээхэн түлхэц болж өргөн дэлгэр зохион байгуулагддаг тэмээний баяр энэ жил зөвхөн нутгийн 2 айлд зураг авалт хийгдэн бусад сумдаас малчид, тэмээчдийг оролцуулахгүйгээр хаалттай зохион байгуулах талаар онцгой комиссын шийдвэр гарлаа. Энэ үеэр Онцгой комиссын пост гарч ажиллана.
Мөн хавартаа цаг хүндэрч байгаа зарим сумдаас отор нүүдэл хийх хүсэлт ирсэнтэй холбогдуулан тухайн сум дотроо нүүдэл, малын шилжилт хөдөлгөөн хийхийг зөвөллөө. Хонины цэцэг өвчлөлийг дахин гарахаас урьдчилан сэргийлэхэд бүхий л талаар анхаарч ажиллах нь зүйн хэрэг бөгөөд маш их хор уршиг дагуулдаг гэдгийг хаа хаанаа анхаарч аймгийн Засаг даргын албан даалгаварыг мөрдөж ажиллахыг сумдын удирдлагуудад үүрэг болголоо.