ХОРШООГ ХӨГЖҮҮЛЭХ НИЙГМИЙН ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР-III

Засгийн газрын 2019 оны 362 дугаар
тогтоолын хавсралт

 

ХОРШООГ ХӨГЖҮҮЛЭХ НИЙГМИЙН ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР-III

Нэг. Нийтлэг үндэслэл

Монгол Улсын Их Хурлаас 1995 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Хоршооны тухай хуулийг баталсан бөгөөд үүнээс хойш 1998 онд шинэчлэн найруулж, 2002, 2004, 2005, 2011 онд тус тус 6 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан.

Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөрийг Засгийн газрын 1998 оны 145, 2009 оны 173 дугаар тогтоолоор батлан хэрэгжүүлсэн. Засгийн газраас 2003 оныг “Хоршоог дэмжих жил” болгон зарлаж, “Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр-I”-ийг 1998-2006 онд, “Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр-II”-ийг 2009-2017 онд хэрэгжүүлсэн нь хоршооллын хөдөлгөөнд чухал түлхэц болсон.

“Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр II”-ийн хэрэгжилтэд хийсэн хяналт шинжилгээгээр хоршоо байгуулах оролцогчдын идэвх санаачилга нэмэгдэж хоршоо болон гишүүдийн тоо, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ өссөн. Гэвч Засгийн газрын бүтцийн өөрчлөлтөөр хоршооны салбарын асуудлыг хариуцах яам нь тодорхойгүйн улмаас 2015-2016 онд салбарын эрх зүйн орчныг сайжруулах арга хэмжээ орхигдсон, төсөв хөрөнгөгүйгээс хоршоог хөгжүүлэх чиглэлээр тодорхой ажил хийгдээгүй, үр дүн гараагүй байна. Хоршооны удирдлага, гишүүдийг олон улсын болон дотоодын холбогдох байгууллагаас зохион байгуулсан сургалт, арга хэмжээ, хуралд хангалттай сайн хамрагдсан хэдий ч нэвтрүүлсэн шинэ санаа санаачилга дутмаг, аймаг, нийслэл тус бүр дэд хөтөлбөр батлуулан хэрэгжүүлэх талаар тусгасан боловч орон нутгийн байгууллагатай хамтран ажиллах талаар дутагдалтай ажилласан гэж дүгнэжээ. Цаашид салбарын эрх зүйн орчныг сайжруулах, төсөв хөрөнгийг хангалттай батлан хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд орон нутаг, бусад төсөл хөтөлбөртэй уялдаатай ажиллаж салбарын хөгжлийн түвшинг шинэ шатанд гаргах шаардлагатай гэж зөвлөсөн байна.

Хоршоо нь өрхийн жижиг бичил бизнесээр хязгаарлагдахгүй бүс нутаг, тухайн баг, хороо, сум, дүүрэг, аймаг, нийслэлийн хэмжээнд нэгдэж, хөдөлмөрөө хоршин, хүртэх орлого, ашгаа нэмэгдүүлэх боломжтой бөгөөд хүн амын ядуурал, ажилгүйдэл нэн ялангуяа хөдөө, орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулдаг салбар юм. Үндэсний статистикийн хорооны мэдээгээр улсын хэмжээнд 4377 хоршоо бүртгэлтэй байгаагаас 3693 хоршоо нь аймгуудад, 684 нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж байна. Хоршоо нь улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийт аж ахуйн нэгжийн дөнгөж 2.8 хувийг эзэлж байна.

Монгол Улсын нийт 21 аймагт 2018 онд хийсэн хоршоодын хөгжлийн үнэлгээнд орон нутгийн нийт 3693 хоршоо хамрагдсанаас тогтвортой өсөлттэй 239, үйл ажиллагаа нь тогтворжиж буй 580, идэвхжиж буй 877, идэвхгүй буюу үйл ажиллагаа нь зогсонги 1324 хоршоо байна. Үнэлгээнд хамрагдаагүй 673 хоршоо нь бүртгэлтэй боловч бодитой оршин тогтнодог эсэх, хоршооны зарчмаар ажилладаг эсэх нь тодорхойгүй байна.

Улсын хэмжээнд явагдсан хоршоодын хөгжлийн үнэлгээний дүн (2018 он)

Ангилал Хоршооны тоо Эзлэх хувь
Үнэлгээнд хамрагдаагүй 673 18.2
Идэвхгүй буюу зогсонги 1324 35.9
Идэвхжиж байгаа 877 23.7
Үйл ажиллагаа нь тогтворжиж байгаа 580 15.7
Тогтвортой хөгжиж буй 239 6.5
Дүн 3693 100

 

Тогтвортой ажиллаж буй хоршоодын 9 орчим хувь нь хадгаламж, зээлийн чиглэлээр, 6 хувь нь дундын хоршоо бөгөөд дийлэнх нь гэр бүлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна. Хоршоог гишүүдийн нийгэм, соёлын хэрэгцээг хангах зорилгоор хоршиж хөдөлмөрлөх биш “хоршоо” гэдэг нэрийг ашиглаж, нэг хүний эрх ашгийн төлөө байгуулах явдал түгээмэл гарч байна. Хоршооны удирдлагын менежмент муу, гишүүдийн өмнө хүлээх хариуцлага тодорхойгүй, банкнаас зээл авах барьцаа хөрөнгө дутагдалтай, хоршооны гишүүдийн ажлын үнэлэмж, урамшуулал тогтворжоогүй, бизнесийн төлөвлөлт байхгүйгээс хоршоо бусад бизнесийн хэлбэртэй харьцуулахад өрсөлдөх чадавх сул, гишүүдийн амьдралд бодит өсөлт, дэвшил гарч хуримтлал үүсэх, шинэ технологи, ноу хау нэвтрүүлэх зэргээр бие даан хөгжиж чадахгүй байна. Тухайлбал судалгаанд хамрагдсан нийт хоршоодын 8.7 хувь нь огт орлого олоогүй, 54 хувь нь нэг сая хүртэлх төгрөгний орлого олсон, 23 орчим хувь нь нэгэн хэвийн орлоготой (орлого нь өсдөггүй),       20 хувь нь орлого буурсан, 39  хувь нь орлого бага зэрэг өссөн гэсэн дүн гарсан байна.

Иймд хоршооллын хөдөлгөөнийг түгээн дэлгэрүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх бодлоготой нийцүүлэн хоршоог дэмжих, хуульд заасан зорилго, зарчимд нийцсэн хоршоог байгуулах, улсын бүртгэлд бүртгэх, хариуцлага, дотоод хяналтыг нь сайжруулах шаардлагатай байна.

Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт, хэрэгжүүлэх хугацаа

2.1. Хоршооллын хөдөлгөөнийг өрнүүлэн хөгжүүлэх замаар хоршооны үүрэг оролцоог нэмэгдүүлэн Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад хөтөлбөрийн зорилго оршино.

2.2. Хөтөлбөрийн зорилгын хүрээнд дараахь зорилтыг хэрэгжүүлнэ:

2.2.1. хоршооны хөгжлийг дэмжсэн хууль, эрх зүйн орчныг сайжруулах;

2.2.2. төр болон хоршоог дэмжигч байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, үр дүнг сайжруулах;

2.2.3. хоршоог хөрөнгө оруулалт, санхүү, зээлийн бодлогоор дэмжиж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх замаар ажлын байр нэмэгдүүлэх;

2.2.4. хоршоогоор дамжуулан түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлт, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтын сүлжээний оновчтой тогтолцоог бий болгох замаар орон нутгийн хөгжлийг дэмжих;

2.2.5. хоршооны “Сайн засаглал”-ыг төлөвшүүлэн нийгмийн үнэлэмжийг дээшлүүлэх.

2.3. Хөтөлбөрийг 2019-2024 онд хэрэгжүүлнэ.

Гурав. Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ

3.1. Хоршооны хөгжлийг дэмжсэн хууль, эрх зүйн орчныг сайжруулах зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.1.1. Хоршооны тухай хуулийг боловсронгуй болгож хөгжлийн өнөөгийн түвшинд нийцүүлэх;

3.1.2. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд мал аж ахуйн бүтээгдэхүүнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварын үйлчлэлийн ялгааг арилгах;

3.1.3. хоршооны онцлогийг тусгасан нэмэлт, өөрчлөлтийг хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хууль тогтоомжид оруулах;

3.1.4. хөдөө аж ахуйн биржээр дамжуулан худалдан борлуулсан түүхий эдэд татварын хөнгөлөлт үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх;

3.1.5. малчид, мал бүхий иргэдийн үндэсний үйлдвэрт нийлүүлсэн болон биржээр борлуулсан бүтээгдэхүүний урамшууллыг хоршоогоор дамжуулж олгох талаар холбогдох эрх зүйн баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулах;

3.1.6. хоршооны салбарын эрх зүйн баримт бичигт мэргэжлийн байгууллагын тусламжтайгаар дүн шинжилгээ хийж, холбогдох санал боловсруулах;

3.1.7. хоршооны хөрөнгө өмчлөлийн онцлог байдлыг харгалзсан зээлийн журмыг хөнгөвчлөх асуудлыг шийдвэрлэх.

3.2. Төр болон хоршоог дэмжигч байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж үр дүнг сайжруулах зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.2.1. хоршооны хөгжлийн талаар төр, засгийн бодлогын залгамж чанарыг тогтвортой хадгалж ажиллах;

3.2.2. ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах, байгаль орчны чиглэлийн төсөл, хөтөлбөрт хоршоодын оролцоог нэмэгдүүлэх;

3.2.3. хоршоодын мэргэжлийн болон үндэсний хэмжээний нэгдсэн холбооны чадавхыг дээшлүүлэх;

3.2.4. хоршоо, тэдний хөгжлийг дэмжигч байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах, цар хүрээг өргөжүүлэх, мэдээлэл солилцоог сайжруулах, салбарын мэдээллийн санг баяжуулах, хоршоо хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх;

3.2.5. хоршоо, мэргэжлийн болон үндэсний хэмжээний холбооны үйл ажиллагааг уялдуулах, хамтын ажиллагааг бэхжүүлэх;

3.2.6. хоршоог дэмжих төрийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хангах, төрийн зарим чиг үүргийг хоршоологчдын холбоогоор гүйцэтгүүлэх.

3.3. Хоршоог хөрөнгө оруулалт, санхүү, зээлийн бодлогоор дэмжиж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх замаар ажлын байр нэмэгдүүлэх зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.3.1. хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилтэд улсын төсвийн тодорхой хувийг хуваарилж байх;

3.3.2. хоршооны бүтээгдэхүүн борлуулалтын төв, хөдөө аж ахуйн болон жижиг, дунд үйлдвэрийн тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хангамжийн дундын цэгийг орон нутагт байгуулж, хоршоодын захиалгын дагуу нийлүүлэх тогтолцоог бүрдүүлэх;

3.3.3. ажлын байр нэмэгдүүлэх болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санхүүжилтийн тодорхой хэсгийг хоршооны салбарын үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжихэд зарцуулах;

3.3.4. загвар хоршоог байгуулж, хөрөнгө санхүүгээр дэмжих;

3.3.5. орон нутгийн өмчлөлд байгаа ашиглагдахгүй барилга байгууламжийг хоршоонд түрээслүүлэх, эзэмшүүлэхэд дэмжлэг үзүүлэх.

3.4. Хоршоогоор дамжуулан түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлт, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтын сүлжээний оновчтой тогтолцоог бий болгох замаар орон нутгийн хөгжлийг дэмжих зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.4.1. түүхий эд, бүтээгдэхүүний нийлүүлэлт, борлуулалтын сүлжээг хөгжүүлэх;

3.4.2. нийслэл, бүсийн төвд түүхий эд, бараа, бүтээгдэхүүний арилжаа, тээвэр ложистикийн төв байгуулж хоршоодын оролцоог нэмэгдүүлэх, техник, тоног төхөөрөмжийг шинэчлэхэд дэмжлэг үзүүлэх;

3.4.3. үндэсний үйлдвэрт хоршоо бүтээгдэхүүн, үйлчилгээг нийлүүлэх, харилцан ашигтай хамтран ажиллах тогтолцоог хөгжүүлэх;

3.4.4. хоршоодын бэлтгэсэн малын гаралтай түүхий эдийг хөдөө аж ахуйн биржээр арилжих ажлыг эрчимжүүлэх;

3.4.5. түүхий эд бэлтгэх, чанарын хамгаалалт, тордолт хийх төвийг хоршооны бүтцэд тулгуурлан сумдад байгуулах.

3.5. Хоршооны “Сайн засаглал”-ыг төлөвшүүлэн нийгмийн үнэлэмжийг дээшлүүлэх зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.5.1. хоршооны нийгэмд эзлэх байр суурь, үнэлэмжийг дээшлүүлэх;

3.5.2. хоршооны талаарх олон нийтийн хандлагад сэтгэл зүйн тандалт судалгаа хийж холбогдох арга хэмжээг авах;

3.5.3. төрийн худалдан авалтад өөрийн бүтээгдэхүүнийг нийлүүлэхэд хоршоод идэвх санаачилгатай оролцох;

3.5.4. хоршооны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, залгамж үеийг төлөвшүүлэх;

3.5.5. хоршооны гишүүдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, дотоод хяналтыг сайжруулах;

3.5.6. хоршооны засаглалд хүйсийн тэгш байдлыг хангах.

Дөрөв. Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт

4.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг дараахь шалгуур үзүүлэлтээр үнэлнэ:

      № Шалгуур үзүүлэлт Хэмжих нэгж Суурь түвшин      (2019 он) Зорилтот түвшин    (2024 он)

1.

Хоршоод шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байх

хувь

75

100

2.

Загвар хоршоо бий болох

сум/хоршооны тоо

0

100

3.

Төрийн зарим чиг үүргийг хоршоодын холбоогоор гүйцэтгүүлсэн байдал

гүйцэтгэсэн ажлын тоо

0

20

4.

Хоршооллын хөгжлийг дэмжсэн төсвийн санхүүжилтийн хэмжээ

төгрөг

100 сая төгрөг

15.0 тэрбум төгрөг

5.

Хоршооны үйлдвэрлэл, үйлчилгээний парк, бүтээгдэхүүн борлуулалтын зориулалтын төв

тоо

0

10

6.

Хоршоодын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ

тэрбум төгрөг

42.5

60.0

7.

Хоршооны борлуулалтын болон гишүүдэд хуваарилсан  ногдол орлогын дүн

хувь

тодорхойгүй

5

8.

Түүхий эд бэлтгэх, чанарын хамгаалалт, тордолт хийх төв

 

тоо

0

100

9.

Үндэсний үйлдвэрт нийлүүлсэн бүтээгдэхүүн, түүхий эд нийлүүлсэн хоршооны тоо

хоршооны тоо/ өсөлтийн хувь

0

15

10.

Биржээр түүхий эдээ арилжиж буй хоршоо

хоршооны тоо

56 хоршоо

200

11.

Улс, аймгийн шилдэг хоршоо

тоо

48

70

Тав. Хөтөлбөрийн санхүүжилт

5.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг дараахь эх үүсвэрээс бүрдүүлнэ:

5.1.1. улсын болон орон нутгийн төсөв;       5.1.2. Засгийн газрын холбогдох тусгай сангийн хөрөнгө;

5.1.3. олон улсын байгууллага, хандивлагч орны зээл, тусламж;       5.1.4. банк болон банк бус санхүүгийн байгууллагын эх үүсвэр;

5.1.5. хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэр.Зургаа. Хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээ

6.1. Хөтөлбөрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, зохицуулах, хэрэгжилтэд нь хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх үүргийг хоршооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гүйцэтгэнэ. Шаардлагатай бол хөндлөнгийн үнэлгээ хийлгэнэ.6.2. Хоршооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг дараа оны I улиралд багтаан Засгийн газарт танилцуулна.

6.3. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын хяналт-шинжилгээ, үнэлгээний дүгнэлт, зөвлөмжийг үндэслэн хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөө, шалгуур үзүүлэлтэд холбогдох хууль тогтоомж, журамд заасны дагуу нэмэлт, өөрчлөлт оруулж болно. 

——о0о——