ЦЭЦЭГ ӨВЧИН 

Өндөр халуурал, арьс, салст бүрхүүлд цэврүүт гүвдрүү үүсэх, дотоод эрхтний үрэвслийн шинжээр илэрдэг цочмог халдварт өвчин юм.

Халдвар яаж дамжих вэ?

Халдварын эх үүсвэр нь өвчилсөн, нууц үедээ байгаа хонь, ямаа бөгөөд тэдгээрийн нус, нулимс, баас, шээс, шарх, тавны хогжруу зэргээр гадаад орчныг бохирдуулна. Мөн өвчтэй мал амьтныг гардан эмчлэх, тэжээх явцад хувцас, малын тоног хэрэгсэл, ноос, ноолуур, арьс, вирусээр бохирдсон хашаа хороо, тэжээл, хэвтэр бууцаар дамжин халдвар тархана. Харин өвчлөөд эдгэрсэн хонь, ямаа нь вирусийг төдийлөн удаан хугацаагаар тээхгүй. Цэцгээр хонь, ямаа нас, хүйс, үүлдэр харгалзахгүйгээр өвчлөх ч нялх хурга, эрлийз мал илүү мэдрэмтгий. Мөн нас гүйцсэн малын өвчлөл, үхэл, хорогдол өсвөр малынхаас харьцангуй бага байдаг.

Цэцэг өвчний үед илрэх шинж тэмдэг: Өвчний нууц үе нь 21 хүртэл хоног байна. Цэцгээр өвчилж буй хонь, ямааны биеийн халуун 410 С хүрч 1–5 өдрийн турш үргэлжилнэ. Нүд, ам, хамраас нулимс, салст идээт нус, нуух гоожих, зовхи хавагнах, судасны лугшилт олширч амьсгал түргэсэх, цэцгийн цэврүүт гүвдрүү, булдруу ихэвчлэн толгой, уруул, хамрын самсаа, шанаа, нүдний орчим болон  цавь, суга, дэлэн, хуухнаг, гуя болон сүүлний дотор талын үсгүй хэсэгт үүсэж ус тэжээлд дургүй болох шинж тэмдэг илэрнэ. Цэцгийн булдруу нь эхлээд бага зэрэг хавагнасан ягаан өнгөтэй, дугуй хэлбэртэй тууралт байх ба 1–2 хоноод улаан хүрээтэй, хатуу гүвдрүү болно. Хэмжээний хувьд амархан томрох бөгөөд энэ үед малын халуун нэмэгдэнэ. 1–3 хоногийн дараа гүвдрүү тунгалаг, шаравтар өнгөтэй  шингэнтэй болно. Гүвдрүүний өнгөн хөрс нимгэн тав болон 5–6 хоноод хуурна.  Өвчтэй хонь, ямааны нуруун дээр дарахад маш эмзэглэлтэй байна. Цэцгээр өвчилсөн хонь, ямаанд уушигны болон ходоод гэдэсний үрэвсэл байнга тохиолдоно. Нүдний эвэрлэг бүрхүүл гэмтснээс хараагүй болно. Өвчин хүндэрсэн үед тууралт, гүвдрүүнүүд хоорондоо нийлж арьсны ихээхэн талбайг гэмтээхийн дээр идээт үрэвсэл хавсарна. Гүвдрүү орчмын арьс үхжиж яршаад эдгэрэхдээ сорви үлдээнэ. Үүнийг монголчууд хар цэцэг гэж нэрлэдэг бөгөөд ихэвчлэн хурга, ишгэнд тохиолдоно.

Хоёрдогч халдвараар хүндэрснээс үхлийн хувь өндөр байна. Хээлтэй хонь цэцгээр өвчилсөн үед халдвар ихсээр дамжиж хээл хаях, үхсэн төл гарах шинж илэрнэ. Өвчний эмнэлзүйн шинж тэмдэг нь хөнгөн хэлбэрээр илэрвэл үхэл, хорогдол 5–10 % иас хэтрэхгүй. Харин өвчний эмнэл шинж тэмдэг богино хугацаанд  олон тооны малд илрэх үед вирусын хоруу чанар ихсэж өвчилсөн хонь, ямаа олноор хорогдохоос гадна 4–өөс доош сарын бойжилттой төлийн үхэл 100%-д хүрч болно.

Эмчилгээ: Хийдэггүй.

2016 онд Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Мөнххаан, Асгат, Түвшинширээ, Баяндэлгэр, Түмэнцогт,Баяндэлгэр, Халзан, Баруун-урт, Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Дэлгэрхаан, Батноров, Дорнод аймгийн Баянтүмэн, Матад, Сэргэлэн, Хэрлэн Төв аймгийн Баяндэлгэр, Мөнгөнморьт, Эрдэнэ, Баянчандмань, Сэргэлэн, Баянцагаан, Баян сум, Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг зэрэг нийт 6 аймаг, нийслэлийн 33 сум, дүүрэгт хонины цэцэг өвчин УМЭАЦТЛ-ийн дүгнэлтээр шинээр оношлогдон 3535 хонь өвчилж 2929 хонь устгалд хамруулаад байна.

Нийт 5 аймаг нийслэлийн  17 сум, дүүрэгт хорио цээрийн дэглэм үргэлжилж байна.

Дундговь аймгийн Цагаандэлгэр, Баянжаргалан, Говь-угтаал, Сайнцагаан Өндөршил гэсэн 5   сумын 6 голомтонд 1385 хонь өвчилснөөс хорогдсон 4, устгасан 322 вакцинжуулалтанд 49937 хонь хамрагдаад байна. Одоогоор хорио цээрийн дэглэм тогтоосон.

Тэмцэх, сэргийлэх арга хэмжээ:

 Хонь, ямааны цэцэг өвчин гарсан хот айл, фермд мал эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн аймаг, нийслэл, дүүрэг, сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм хэрэгжүүлнэ.

  • Өвчин гарсан бүсэд малын шилжилт хөдөлгөөн хийлгэхгүй байх
  • Мал сүргийн хариулга, маллагаанд онцгой анхаарах
  • Өдөр тутмын үзлэг, тандалтыг тогтмолжуулах
  • Бүх малыг урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд хамруулах
  • Өвчний шинж тэмдэг илэрсэн үед яаралтай мал эмнэлгийн байгууллагад мэдэгдэх
  • Малын арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулах

Мал бүхий аж ахуйн нэгж, иргэн, малчны гүйцэтгэх үүрэг:

  • Өвчний шинж тэмдэг, сэжиг илэрсэн тухай өөрийн харьяалах мал эмнэлгийн байгууллага болон малын эмчид албан ёсоор мэдэгдэх
  • Дүүрэг, сумын засаг даргын захирамж, мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн шаардлагыг бүрэн биелүүлэх
  • Малын арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулж өдөр тутмын арчилгаа, маллагаа сувилгааг малын эмчийн зааварчилгаа дор гүйцэтгэх
  • Малын эмчийн зааварчлагын дагуу өвчтэй мал байсан хашаа байрны бууц, баас, шээс, тэжээлийн үлдэгдлийг шатааж устгах буюу халдваргүйжүүлэх;
  • Эрүүл, өвчтэй малыг хооронд холих, малын эмчийн зөвшөөрөлгүйгээр шилжилт, хөдөлгөөн хийхгүй байх;

ХХААГ-Мал эмнэлэг ариун цэврийн лаборатори