2000 оны зуднаар сарлагийн тоо толгой цөөрч аймгийн хэмжээнд 200 хүрэхгүй тоологдож байсан. Манай аймгийн 7 суманд сарлаг бүхий малчид байгаа бөгөөд 2016 оны жилийн эцсийн мал тооллогоор 826 сарлаг тоологдсон. Аймаг орон нутгийн зүгээс сарлаг өсгөх талаар нэлээд анхаарч “САЙХАНЫ САРЛАГ” арга хэмжээг зохион байгуулж тус арга хэмжээнд сарлаг авч ирсэн малчдыг урамшуулдаг.
Энэ жил Булган, Баяндалай, Даланзадгад, Номгон, Хүрмэн сумдын малчид 500 гаруй сарлагтай ирж хамгийн сайн зохион байгуулалттай оролцсон сумаар Хүрмэн сум шалгарлаа.
Сарлагийн баяраар зохион байгуулагдсан тэмцээнд сумдын 9 баг оролцож сарлаг бугуйлдах, хөөвөрлөх, дээс томож ногт зангидах, сарлаг унаж уралдуулах, сарлаг булгиулах, хомнож ачаа ачих, багийн мэндчилгээ, хувцас жигдрэлт гэсэн төрлүүдээр малчид маань авхаалж самбаа, ур чадвар, хурд хүчээ сорин өрсөлдлөө.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж ирсэн тус баярт сарлаг бүхий сумдын малчид маш их ач холбогдол өгч оролцдог болсныг зохион байгуулагчид онцолж байлаа.