Зөвлөгөөнд сарлаг бүхий 9 сумын 40 гаруй малчид иргэд оролцлоо. Тэд хэлэлцэж дараах асуудлыг хийж хэрэгжүүлэхээр боллоо.
Орон нутгийн бодлогын түвшинд:
-Сарлаг үржүүлэгчдийн залгамж халааг бэлтгэх, сарлаг үржүүлэгчдийн нийгмийн хамгаалал, эрүүл мэндэд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх, сарлаг үржүүлэгчдийн аймгийн зөвлөгөөнийг 5 жил тутамд хийх
-Говийн сарлаг үхрийн генефондыг хамгаалах, сарлаг үхрийн үүлдэр угсааг сайжруулахад системтэй бодлого хэрэгжүүлэх
-Сарлаг үхрийг эрүүлжүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж аймгийн хэмжээний бүх үржлийн сарлагт бруцеллёзын тандалт шинжилгээг хийх, эрүүлжүүлэх арга хэмжээг 2019 оноос хэрэгжүүлэх
-Сарлагийн хөөвөр, хялгас, ноос бэлтгэх, боловсруулах сургалт хийх, зах зээлтэй холбон борлуулах сүлжээг бий болгох
-Уламжлал болон зохион байгуулагддаг “Сайханы сарлаг” арга хэмжээний хамрах хүрээг нэмэгдүүлэх, зохион байгуулагдах арга хэмжээг чанаржуулах, Монголын аялал жуулчлалын салбар дахь томоохон ЭВЕНТ арга хэмжээ болгох
-Сарлаг үржүүлэгчдийг улс, аймгийн сарлагийн баяр, зөвлөгөөн, сургалтанд оролцуулах, туршлага судлуулах
-Сарлаг үхрийг өсгөн үржүүлэхэд онцгой анхаарч ажиллан бодит үр дүн гаргаж байгаа сум, баг, бүлэг нөхөрлөл, иргэнийг урамшуулах
-Говь Гурван Сайханы байгалийн цогцолборт газар дахь Ёл, Дүнгэнээ, Мухар шивэртийн амуудад тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх менежментийн төлөвлөгөөнд Ёлын амны Оюутын гадна талбайд од ажиглах талбай, “Сайханы сарлаг” арга хэмжээг зохион байгуулах орон зайг тооцох, сарлагаар жуулчдад үйлчлэх боломж бүрдүүлэх
Сарлаг үржүүлэгчдэд:
-Сарлаг үхрийн сүү цагаан идээ, хөөвөр, хялгас, ноос бэлтгэх, боловсруулах уламжлалт арга ажиллагааг сайжруулах, тугалсан сарлаг бүрийг саалинд ашиглах
-Сарлагийг уналга эдэлгээнд сургаж ахуй амьдралдаа ашиглах, аялал жуулчлалын үйлчилгээнд оролцуулж орлогоо нэмэгдүүлэх
-Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамруулахад санал нэгдлээ.