“Сайханы сарлаг-2018” арга хэмжээг 7 дахь жилдээ Говь гурван сайхан уулын Ёлын аманд 2018 оны 5 дугаар сарын 26-нд амжилттай зохион байгууллаа. Өмнөговь аймгийн хэмжээнд 9 сумын 51 өрхөд 1010 сарлаг үхэр өсөн үржиж байгаа бөгөөд энэхүү баярт 5 сумын 23 өрхийн 620 гаруй сарлаг үхэр оролцлоо. Хүрмэн сумын Р.Отгонсүрэн хамгийн олон буюу 140 сарлагийг, Баяндалай сумын Ч.Болд 109 сарлагийг Сайханы сарлаг 2018 арга хэмжээнд оролцууллаа. Сарлагийн баярт бух 10, үнээ 226, тугал 90 тоологдлоо.

“Сайханы сарлаг -2018” хэмжээнд Аймгийн Засаг даргын орлогч Х.Батболд, ХХААГазрын дарга Т.Батжаргал, Баяндалай, Ханхонгор, Хүрмэн, Даланзадгад, Булган сумын Засаг дарга нар үг нээж үг хэлэв. Аймгийн ХЖТеатрын урлагийн тоглолт үзүүлэв.

“Сайханы сарлаг-2018” уламжлалт арга хэмжээнд оролцогчид:

  1. Сарлаг үхрийг уналга эдэлгээнд ашиглах, сургаж номхруулах
    2. Сарлаг үхэр болон бусад малын сүү, цагаан идээ, ноос, ноолуур, аялал жуулчлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа
    3. Сарлаг үхрийн зан үйлтэй холбоотой буухиа тэмцээн
    4. Сарлагийн хөөвөр самнах
    5. Сарлагийн шилмэл бух, үнээ шалгаруулах
    6. Сарлагийн уралдаан
    7. Оролцогчдын дунд хөгжөөнт тоглоом наадам зохион байгуулан өрсөлдлөө.

Сарлаг сүргийг өсгөх, сарлаг үржүүлэгчдээ дэмжих ажлуудыг аймаг орон нутагт зохион байгуулж ирсэн бөгөөд аймгийн сарлаг үржүүлэгчдийн зөвлөгөөнийг зохион байгуулсан төдийгүй цаашид сарлаг сүргийн ашиг шимийг сайжруулах, амьдын үнэлэмжийг нэмэгдүүлэх, сүү цагаан идээ, хөөвөр хялгас бэлтгэх, боловсруулах уламжлалт арга хэмжээг сайжруулах, уналга эдэлгээнд ашиглах уламжлалыг сэргээх, харилцан туршлага судлах талаар ажил арга хэмжээг зохион байгуулна.

“Сайхан сарлаг -2018” арга хэмжээг гадаадын жуулчид 37, дотоодын үзэгчид 1200 гаруй ирж үзэж сонирхлоо.

Сарлаг үхрийн зан үйлтэй холбоотой Буухиа тэмцээнд 5 сумын 8 багийн 40 сарлагчид оролцож, багийн мэндчилгээ, танилцуулга, сарлаг үхрээ тоноглож чимэглэсэн байдал, багийн ахлагч нарын дундах чагт зорох, тугалын хүзүүвч томох, сарлаг бугуйлдах, сарлаг булгиулах зэрэг төрлүүдээр өрсөлдөж,

  • Нэгдүгээр байр: Б.Чинзориг ахлагчтай Баяндалай сумын Төхөм баг
  • Хоёрдугаар байр: Н.Батням ахлагчтай, Ханхонгор сумын Үхэрчин баг
  • Гуравдугаар байр: Б.Батжаргал ахлагчтай баг Хүрмэн сумын 2 баг тус тус шалгарав.

Сарлагийн шилмэл бух, үнээ шалгаруулах тэмцээнд 5 сумын 6 бух, 10 үнээ оролцож, биеийн галбир, нас, сэрвээний өндөр, цээжний бүслүүр, ташуу урт зэрэг үзүүлэлтээр нь хэмжиж Шилмэл бухын төрөлд

  • 1 –р байрт Хүрмэн сумын Р.Цэцгээгийн хар халзан бух 3 настай
  • 2-р байрт Ханхонгор сумын О.Нанжидын цоохор алаг бух 6 настай
  • 3-р байрт Хүрмэн сумын Н.Батжаргалын борлог бух 6 настай тус тус шалгарсан.

Шилмэл үнээ төрөлд

  • 1-р байрт Баяндалай сумын Ч.Болдын шарга үнээ 8 настай
  • 2-р байрт Булган сумын Л.Нацагдоржын халтар үнээ 9 настай
  • 3-р байр Хүрмэн сумын Р.Цэцгээгийн хөх үнээ 6 настай тус тус шалгарсан.

Хурдан сарлагийн уралдаанд 20 гаруй сарлагийг унаж уралдан, эхний 5 байрын унаачийг байлсан.

  • Нэгдүгээр байр: Баяндалай сумын сарлаг унаач Э.Хосбаяр
  • Хоёрдугаар байр: Даланзадгад сумын сарлаг унаач Д.Ангараг
  • Гуравдугаар байр: Хүрмэн сумын сарлаг унаач Б.Амарбаясгалан
  • Дөрөвдүгээр байр: Баяндалай сумын сарлаг унаач Г.Надмид
  • Тавдугаар байр: Баяндалай сумын сарлаг унаач Ч.Ууганзориг нар шалгарлаа.

Сайханы сарлаг арга хэмжээнд өөрийн сарлагаа авчирч оролцсон сарлагчдад авчирсан сарлагийн тоо толгой тутамд 5000 төгрөгний урамшуулалыг олгов.

Сайханы сарлаг 2018 арга хэмжээнд ач холбогдол өгч сарлагчидаа бүрэн оролцуулж, сарлагийн баяр зохион байгуулж байгаа талбайг услан, үзэгчдийн тав тухтай байдлыг ханган ажилласан, Хамгийн зохион байгуулалттай оролцсон сумаар:
Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газар шалгарлаа.

Сайхан уулын чимэг болсон сарлаг сүрэг минь түм бумаар өсөн үржих болтугай.