Өмнөговьчууд хүнсний ногооны хэрэглээгээ 100 хувь орон нутагтаа тариалж эко бүтээгдэхүүнээр хэрэглэгчдээ хангадаг болох зорилтыг тавин ажиллаж байна. Газар тариаланг хөгжүүлэх чиглэлээр хөрш зэргэлдээ болон гуравдагч оронтой хамтран ажиллаж, туршлага судлах ажил арга хэмжээг хэрэгжүүлэн сайн туршлагыг орон нутагтаа туршиж тодорхой үр дүнд хүрч байгаа юм. Тухайлбал 2017 оноос БНСУ-ын Гёнсанбуг аймагтай хамтран ажиллаж Даланзадгад сум дахь Ногоон хэрэм төслийн 2-р талбайд нийт 5800 мкв талбайд үр үржүүлэг, хүлэмжийн тариалалтыг хөгжүүлж байна. Мөн 2019 оныг “Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жил” болгож мал аж ахуй, газар тариалан, орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжсэн бодлого хөтөлбөр, арга хэмжээг зохион байгуулж буйн нэг нь энэхүү арга хэмжээ юм. Тус арга хэмжээний үeэр талбайн сургалт, ургацын баяр, үзэсгэлэн худалдаанд Өмнөговь аймгийн 15 сумын төлөөлөл болсон газар тариалан эрхлэгчид, иргэн аж ахуй нэгжүүд төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, даршилж нөөшилсөн 19 нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцлоо.