Өмнөговьчууд 2019 оныг Хөдөө аж ахуй үйлдвэржилтийн жил болгон зарласантай холбогдуулан малчид, иргэд, газар тариалан эрхлэгчдийг дэмжсэн ажлуудыг хийж байна. Түүний нэг болох Махны үйлдвэрийг Даланзадгад хотноо байгуулж 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр нээлтээ хийж байнгын ашиглалтад орууллаа. АЗДТГ-ын захиалгаар хувийн хэвшил, Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн хамтарсан 3,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар мах хадгалах зоорь, лаборатори бүхий бог, бод малыг нядлах мах боловсруулах үйлдвэрийг байгуулжээ. Үйлдвэр ашиглалтад орсноор нэг зуу гаруй ажлын байр бий болохын зэрэгцээ малчдын орлого нэмэгдэнэ. Мөн зах зээлд нийлүүлэхээс гадна уул уурхай руу мах, махан бүтээгдэхүүнээр ханган нийлүүлэлт хийх боломжууд бий болно.